ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

O.Admin
14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа гаргасан нь Дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нотлогдсон бол эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт болж, 56.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Санал хураалтад 101 гишүүн оролцож, 57 гишүүн дэмжиж саналаа өгсөн юм. 

Ингэснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээс гадна хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдах юм. УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ “Ард түмэн УИХ-ын гишүүдийг хуралдаа сууж, хариуцлагатай байж, өөрсдийнхөө хулгай луйврыг хайцаалахгүй шударга байхыг хүсэж байгаа. Тиймээс гишүүд хуралдаа сууж энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих талаар саналаа өгөөсэй гэж хүсэж байна.

Дараа нь хэлэлцүүлгийн шатанд засаж, залруулах зүйлээ хийгээд явах боломжтой. Хуулийг эцэслэн батлахад нийт гишүүдийн олонхийн саналаар дэмждэг учраас тэр үед саналаа өгөөд дэмжих, дэмжихгүйгээр яриад явах боломжтой” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Та Төрийн ордонд манипуляци хийж байна. Их хурлынхаа эсрэг байдаг С.Бямбацогт даргыг эсэргүүцэж байна. Энэ Их хурал бол МАН-ын Их хурал биш. Бүх ард түмний Их хурал шүү” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Энэ хуулийн төслөөр өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлэг завсарлага аваад байсан бөгөөд хуулийн төслийг дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан ч гишүүдээ өөрсдийн итгэл үнэмшлээр задгай санал өгөх эрхтэй үлдээгээд байсан билээ.