ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив

O.Admin
15 цагийн өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны өчигдөр /2026.04.15/ хамтарсан хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов.

Төслийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлд 220кВ-ын хоёр хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Өвөрхангай аймагт 220/110/35 кВ-ын дэд станц барих юм. Мөн Баянхонгор аймаг, Арвайхээр хотын дэд станцын өргөтгөлийн ажлуудыг хийснээр бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа дээшилнэ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Төсөл хэрэгжсэнээр дэвшилтэд технологиор зай талбайд хэмнэлттэй 110 кВ -ийн GIS (Gas-Insulated Switchgear) хаалттай хуваарилах байгууламжтай дэд станцыг 17 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Сүхбаатар дүүрэгт барина. Дэд станц Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хороо, Улсын төв 1, 2 дугаар эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянга гаруй хэрэглэгчийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж, иргэн болон аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдах юм.