ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёсзүйн болон хуулийн хариуцлага тооцох ёстой

O.Admin
2 цагийн өмнө

АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд улс төрийн хариуцлага тооцохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн бариад буй УИХ-ын гишүүдийг ёсзүйн асуудлаар эгүүлэн татах тухай хуулийн төслийн асуудлыг хэлэлцжээ.  Мөн өнгөрөгч пүрэв, баасан гарагт болсон ҮБХ-ны хуралдааны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулиар АН-ын бүлэг завсарлага  авсан. Энэ хуультай холбоотой нэгдсэн байр сууринд хүрлээ. Мөн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалтан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ёсзүйгүй авир ааш гаргасан асуудлыг хэлэлцэж А.Бямбажаргалд хариуцлага тооцох асуудлаар шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн асуудлаар АН-ын дотоод сонгуулиас шалтгаалан нэгдсэн байр сууриа нэгтгэж чадахгүй яваад байсан. Өнөөдрийн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, бүлгийн хуралд суусан 25 гишүүний 100 хувийн саналаар хоёр одтой шийдвэр буюу уг хуулийн төслийг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Үзэл баримтлал, үзэл санааных нь хувьд дэмжихгүй. Тодорхой тооны өөр байр суурьтай гишүүд хуралд сууж болно. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт өнөөгийн хүчин төгөлдөр хуульд ч бий. Гэтэл Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй шинэ хуулиар шүүхээс болон Цэцээс шийдвэр гарсан бол эгүүлэн татахаар оруулж ирсэн нь парламентыг ямар ч дархлаагүй болгох хуулийн төсөл юм. Монгол Улсын парламентын тогтолцооноос ухарсан, монгол хүний эрх, эрх чөлөөг хангах парламентыг үнэгүйдүүлэх асуудал байна гэж үзлээ. Шинээр бүрэлдэн бий болсон АН-ын Улс төрийн зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад зүй ёсоор хариулахын оронд өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын гишүүний нэр төрд бүдүүлгээр халдсан нь төрийн албаны ёсзүй, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор халдсан үйлдэл гэж үзсэн учраас ёсзүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Төрийн албан хаагч нь парламентад мэдээлэл өгөх ёстой атал үл хүндэтгэсэн гэж үзэж байгаа” гэв.