ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүл мэндийн Дэд сайд орон нутагт ажиллаж байна

O.Admin
1 цагийн өмнө

Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин орон нутагт ажиллах томилолтын хүрээнд салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.

Томилолтын үеэр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь ажиллаж, хэрэгжилтэд хяналт тавин, орон нутагт тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Мөн Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаа,, халдварт болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв.

“Эрүүл мэндийг дэмжих жил–2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцуулж, зөвхөн эрүүл мэндийн салбарынхан төдийгүй иргэд, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын хүний нөөц, нийгмийн хамгаалал, тусламж үйлчилгээний хүртээмж, эм, тоног төхөөрөмжийн хангамж, салбар хоорондын уялдаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, орон нутгийн нөхцөл байдалд тулгуурласан саналуудыг бодлогын төлөвлөлтөд тусгахаар болов. Орон нутгийн эмч, мэргэжилтнүүд болон иргэдийн санал, бодит нөхцөл байдалд тулгуурласан шийдлүүдийг бодлогын түвшинд тусган, эрүүл мэндийн салбарын хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Томилолтын хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажилласан бөгөөд цаашид Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөж байна.