ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЛААнбаатар хотдоо хэдэн жил аргалж амьдрах вэ, Б.Чойжилсүрэн сайд аа

O.Admin
3 цагийн өмнө

Улсын нийслэл Улаанбаатар хотыг сүүлийн гурван жилд лаа, шүдэнзээр аргалдаг хот болгосон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дулааны болон цахилгаан станциуд дээрээ лам дуудан хийморийн сан тавиулж, осол аваараас сэргийлэх элдэв тарни, ном уншуулаад ч салбараа өөд нь татаж, өөрчилж чадахгүй гэдгээ нотлон харууллаа.
 

Эсрэгээрээ өөрийн эзэмшлийн хэдэн хотхон руугаа тог цахилгаан арын хаалгаар татуулж, Төрийн өмчит компаниудаа “Эрчист Монгол”-ын харьяа руу шилжүүлэхгүйн тулд зунжингаа лобби хийж, аймгийнхаа 100 жилийн ойгоор сайдын багцаасаа мөнгө шилжүүлэн наадмын талбай бариулан “аархаж” явсаар зун, намрыг дуусгасан нь цор ганц үнэн билээ. Түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд эрчим хүчний салбарт хоёр ч том осол гарав. Дэлгэр зунаар “ДЦС-3” дээр турбин дэлбэрч, аваарын нөхцөл байдал зарлан, Засгийн газраас БЭТ томилж байсан бол хөхөө өвлөөр, дөнөн үхрийн эвэр хөлдөх хахир хүйтнээр “ТЭЦ-4”-ийн наймдугаар зууханд үлээлт гарсны улмаас зогсоохоос өөр аргагүйд хүрч, нийслэлчүүд цугаар ээлжлэн 1.5-3 цагийн зайтай тог, дулаан, усаа хязгаарлууллаа.

Хэдийгээр Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн “Засвар дууссан. Нөхцөл байдал хэвийн түвшинд шилжсэн” гэж мэдэгдсэн ч салбарын сайд нь  “Үнэнээ л хэлье. Цаашдаа цахилгаан, дулаан таслах асуудал үргэлжилнэ” хэмээн хэнэг ч үгүй хэлээд зогсож байх ажээ. Хэзээ, хаана, хэдэн цагт цахилгаан таслах нь тодорхойгүй нөхцөл байдалд гэртээ очоод хоолгүй, ажлаас явах замдаа лифтэн дотроо гацсан нийслэлчүүд үгээ хэлж, үстэй толгойгоо зулгааж, буруу лам залснаас болж ёстой л “дараа төрөлдөө дахин уулзая” гэдэг нь болчихов уу хэмээн халаглаж байх юм. XXI дүгээр зууны метро хотод дэлгүүрээс савтай ус зөөж, лаа барин амьдарч буй маань инээдэм биш ханиад болон хувирчээ.

Нүүрснээс цахилгаан руу шилжсэн гэр хорооллын иргэд нь тоггүйгээс машиндаа хонож, орон сууцны иргэд нь лифтэндээ хэдэн цагаар гацахгүйн тулд шатаар дээш, доош явж, нялхас өтгөс нь гэртээ тоггүй, хоолгүй, дулаангүй үлдэхгүйн тулд аргаа баран айл дамжиж, автомашинтайгаа тоггүй гэрлэн дохион дээр арга эвээ олох гэж түгжирч буй нь маазрах сэдэв биш болоодохлоо.

Энэ бол “аргална даа” гэж сайд болсон ч амин хувийн эрх ашгаа урдаа тавьж, авлигын хэргээр зөвлөх, туслахууд нь ял зэм үүрч буй Б.Чойжилсүрэн сайдын 50 хувийн буруутай үйлдэл мөнөөсөө мөн. “Хоёр жилийн дараа эрчим хүчний салбарыг өөрчилж чадахгүй бол энэ улсаас явна” гэж пээдэлзсэн Шадар сайд Т.Доржхандын маневр хийж чадаагүй, нэн чухал төслөө эрэмбэлж чадаагүй, популист улстөрчдөд орон зайгаа булаалгаж, нэг ч том төсөл эхлүүлж чадаагүйн гай. Мэдээж системийн ялзрал буюу урт хугацаандаа эрчим хүчний салбараа орхиж ирсэн, популизмаас үүдэлтэй том төслүүдээ гацаадаг, тэр дундаа хулхи эх орончдын гайгаар эрчим хүчний салбараа орхиж ирсэн гай барцад, лай ланчиг үүнд 50-иас илүү хувийн буруутай гэдэг нь маргашгүй үнэн.

Чухлын эрэмбэ алдагдаагүй бол бродюр солих биш станц барих байлаа

Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2022 онд Эрчим хүчний сайдын ажлаа авсны дараахнаас л “Эрчим хүчний салбар хэцүү байна. Гэхдээ аргална даа” хэмээж байсан Б.Чойжилсүрэн сайд маань энэ салбарт үнэ нэмснээс өөр дорвитой өөрчлөлт хийгээгүй нь үнэн. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тэргүүтэй улстөрчдийн лоббигоор эрчим хүчний үнэ нэмэгдсэн ч тэр мөнгө салбарын хий хоосон пиар, ажилчдын цалин хангамж төдийхөнд зарцуулагдаад дууссан гэх шүүмжлэл гарсан ч салбарынхан нь үгүйсгээд өнгөрсөн.

Гэтэл УИХ-ын гишүүн Ө.Шижир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чухлын эрэмбэ энэ улсад алдагдаад байна. Гэмтэл гарсан “ТЭЦ-4” дээр гэхэд 47 жил бүрэн шинэчлэл хийгдээгүй гэдгийг инженер нь хэлж байна. Гоё ажлыг нь сайд нар нь өмчилж, тууз хайчилдаг ч муу муухай дээр инженерүүд очдог. Маш олон жил энэ салбарт ажиллаж буй хүмүүс яагаад ажил хийсэнгүй вэ. 54 тэрбумаар бродюр сольж байгаа атлаа эрчим хүчинд зарцуулах мөнгө алга. Есдэх парламентын дараа “Эрчим хүчний реформын үндэсний хороо” гэгч шинэ статусыг ХҮН-ын гишүүд тэргүүтэй улстөрчид байгуулж, 2024 онд цахилгааны үнэ нэмсэн.

Арван тэрбумын төсөв авч захиран зарцуулсан ч үр дүн гараагүй. 2024 оны арваннэгдүгээр сард үнэ нэмснээс хойш 540 тэрбум төгрөг нэмж олсон ч тэр мөнгөөр юу ч хийгээгүй. Ямар эрх ашиг байдаг юм бүү мэд. Өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэл алга” хэмээжээ. Тэгвэл 2026 оноос эхлэн энэхүү үнийн өсөлтийг Засгийн газраас бүрэн зогсоох шийдвэр гарснаар эрчим хүчний салбар дахиад л хамгийн бага төсвөөрөө аргалахаас өөр аргагүйд хүрэв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэний Засгийн газар хамтарсан Засгийн газрын үед хэрэгжих 14 мега төслийг эрэмбэлж гаргаж байлаа.

Үүний хоёр, гурав, дөрөв, тавдугаарт эрчим хүчний төсөл багтаж байсан. Тодруулбал, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл гэх мэтээр эрчим хүчээ эхэнд нь эрэмбэлсэн нь үнэн. Гэвч Г.Занданшатарын Засгийн газар гарч ирээд эдгээр мега төслүүдийг үндсэнд нь мартаж орхиод цоо шинээр бодлого хэрэгжүүлж эхэлснийг худлаа гэж хэлэхгүй байх аа. Засгийн газрын залгамж халаа гэж байдагсан бол 2-5 дугаарт эрэмбэлэгдсэн эдгээр төслүүд өдгөө эхлэх шатандаа орж, 20 гаруй жил ярьж буй Тавдугаар цахилгаан станцаа ч ярих, хийх хугацаа хангалттай өнгөрсөн ч бид энэ салбарт нэг ч шинэчлэл өөрчлөлт хийхгүй явсаар 60 жилийг үдэж, өдгөө үнэнтэйгээ нүүр тулж, аргалах бус аргагүйдээд тогоо таслах хэмжээнд хүрч байна.

Салбар нь уналтад орсон ч дарга нар нь тэрбумтан болсоор л...

Өмнө хэлсэнчлэн, манай улсын эрчим хүчний салбарын үнэ тариф бодит өртгөөс доогуур буюу 1.0 кВт.ц цахилгааны өртөг 280 төгрөг байх ёстой ч 2024 оны байдлаар 216 төгрөг, айл өрхийн үнэ 140 төгрөг байсан. Энэ салбарт үнэ чөлөөлж, төр савраа татаж бодит өртөгт нийцүүлэхээс гадна 1кВт.ц эрчим хүчний үнийг 0.8-0.9 ам.доллар болгоход л гадаадын хөрөнгө оруулагчид цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байдаг юм билээ.

Гэвч үнийг нь төр хүчээр барьдаг, төрийн өмч нэрийдлээр авлига, ашиг сонирхол ноёлдог, хэрэгжих гэсэн төслүүд нь хойд, урд хөршийн санхүүжилттэй эх орончдоос болж гацдаг асуудлаас болж хэн ч энэ салбарыг сонирхохгүйгээс үүдэн цахилгаан эрчим хүчний таван станцын нас нь 32-57 жил болж, нэг ч удаа шинэчлэл өөрчлөлт хийхгүйгээр төсөвлөсөн хэдэн тэрбумаараа урсгал завсар хийж, ёстой л Чойжоо сайдын хэлсэнчлэн аргалж явсаар энд ирлээ.

Тиймээс өөрчлөлт хийж, бодит үнэ өртгөөс 22 хувиар доогуур байгаа цахилгаан эрчим хүчээ нэмье, 2-3 дахин бага байгаа дулааны үнэ нэмье хэмээгээд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард үнэ нэмэх шийдвэр гарснаар уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 342, бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагынх 291, айл өрхийнх 212 төгрөг болж нэмэгдсэнээс гадна төлбөрийн ачааллыг бууруулах үүднээс гурван шатлал бүхий тарифыг нэвтрүүлсэн. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт 540 тэрбум төгрөг нэмж олсон хэмээж байгаа ч энэ мөнгөөр юу хийсэн бэ гэдэгт салбарын сайд нь ч хариулж чадахгүй байгаа.

Гэтэл “ТЭЦ-4” дээр гарсан ослын дараахан тухайн байгууллагын инженерийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал аваарын горимд ажиллах нэгхэн ширхэг зуух нэмэх ажлыг л 10 жилийн турш ярьж байгаа бөгөөд 360 тэрбум төгрөг төрөөс шийдүүлж чадахгүй олон жилийг үджээ. Угтаа Ө.Шижир гишүүний хэлсэнчлэн эрэмбийн алдаа гараагүйсэн бол жил гаруйн хугацаанд орж ирсэн эрчим хүчний үнийн өсөлтийн нэмэгдлээсээ ганцхан зуухны үнийг зоригтойхон шийдээд шинээр аваад тавьчихсан бол нийслэлээрээ лаа барьж, нийтээрээ лифтэнд гацахгүй нэг өвлийг ч болтугай нүүр бардам даван туулах байжээ.

Гэвч Б.Чойжилсүрэн болон түүний тойрон хүрээлэгч дарга, цэрэг, өдгөө авлигын хэргээр ял сонсож, хорих анги руу ачигдаж, осол гарсан “ТЭЦ-4”-өө эзэнгүй орхичихоод буй Н.Тавинбэх нарт тийм сэтгэл байсангүй. Эсрэгээрээ “Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн үеэс яригдсан юм билээ. Би 2022 онд сайд болоод шийдүүлэх гэж хөөцөлдөөд барахгүй байна” хэмээн салбарын сайд нь арьсаа хамгаалаад зогсож байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд гэхэд л 2024 оны оны байдлаар 743111 хэрэглэгчтэй байгаа. Үүнээс 61727 нь аж ахуйн нэгж, албан байгууллага. 2024 оны байдлаар найман тэрбум гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсний 80 хувийг дотоодод үйлдвэрлэж, 20 хувийг гаднаас авчээ. Цахилгаан эрчим хүчний таван станц нь 70 нас хүрч, цахилгаан дамжуулах, түгээх нь 60 жил болсон ч өвлийн оргил ачааллын үед тэд бүрэн хүчин чадлаараа зүтгэсээр л.

Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд гэхэд 68 зуухны 63 нь, 49 турбин генератороос 43 нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ямар ч нөөцгүйгээр чадлаараа ажилладаг гэсэн үг. Хоёр хоногийн өмнө осол гарсан гэх “ТЭЦ-4” гэхэд л долоон турбин, найман зуухны хүчин чадлаараа тасралтгүй 73 хоног ажиллаж байгаа ажээ. Эрчим хүчний алдагдал жил бүхэн нэмэгдэж, 2021 онд 98, 2022 онд 168, 2023 онд 200 тэрбумын алдагдалтай ажилласан бөгөөд нэг ч станц дээрээ 100 хувийн шинэчлэл хийгээгүй 60 жил өнгөрсөн. Гэтэл энэ салбараас тоймгүй олон тэрбумтан төрж, тоймгүй олон хүн авлигын хэргээр ял сонссон нь бас үнэн. Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн авлигын хэргээр ачигдлаа. Эрчим хүчний сайд асан М.Сономпил “Амгалан” дулааны станциас үүдэн ял сонссон бол Н.Тавинбэх нь 10 аймгийн Дулааны станциас үүдэн авлигын хэрэгт холбогдлоо. “ТЭЦ-3”-ын захирал асан Ч.Чинбат гэх мэтээр хурган дарга нарын жагсаалт маш урт үргэлжилнэ. Салбар нь дампуурсан, уналтад орсон гэх атлаа авлига нь цэцэглэж, албан тушаалтнууд нь хөлждөг энэ салбар хэзээ нар үзэж, сэхээнээс гарах вэ.

Эрчим хүчний том төслүүд хаана гацав

“Эрчим сүлжээ” компанийн захирал Н.Нямдаваагийн хэлсэнчлэн “Хүн худлаа яриад яваад байж болох ч техник тоног төхөөрөмж худлаа хэлдэггүй юм” гэдгийг нотолж буйн жишээ бол дээрх хоёр осол. Хэрвээ бид энэ хэвээр аргалж, аль эсвэл төсөл эхлүүлж байна, тун удахгүй эхлүүлнэ, түүнтэй ярьж тохирлоо гэж эрчим хүчний салбараа аргалсаар байвал нэг л өдөр улсаараа хөлдөх эрсдэл хаалга тогшиж байна. Монгол Улс эрчим хүчний таван том бүстэй. Баруун бүсийн эрчим хүчний систем нь хойд хөршөөс эрчим хүчээ авдаг.

Нийтдээ эрчим хүчний салбарын 20 гаруй хувийг хойд хөршөөсөө импортолж буй. Гэтэл ойрын өдрүүдэд энэхүү осолтой давхцан хэт хүйтний улмаас ОХУ-ын эрчим хүчний салбар өөрсдөө чадлын дутагдалд орсон учраас манайх руу нийлүүлэх эрчим хүчиндээ 250 МВТ-аар хэмнэлт хийсэн нь давхар асуудал үүсгэлээ. Ерөөс энэ бүсэд гэхэд л 90 МВТ-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барихгүй л бол хойд хөршийн хараат байдлаас гарч чадахгүй. Гэтэл 2025 онд БНХАУ-ын “Эксим” банкны санхүүжилтээр барилга угсралтын ажил нь эхлэх учиртай төсөл дахиад л гацаанд орлоо.

Ингэснээр долоо дахь жилдээ төсөл гацжээ. 2025 оны улсын төсөвт 100 тэрбумыг тусгасан ч төсөл хэрэгжиж эхлээгүй байна. Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах 310 МВТ-ын хүчин чадалтай Эгийн голын  усан цахилгаан станцын төслийг төр, хувийн хэвшлэлийн түншлэлээр 3.7 их наядаар барихаар 2025 оны төсөвт тусгасан ч төсөл яваагүй. Үндсэндээ 33 жил гацсан. Сэргээгдэх эрчим хүчний төсөл урагшлаагүй. 2015 оноос хойш яригдсан Багануурын цахилгаан станцын төсөл арван жил гацсан бөгөөд хэтэрхий өндөр үнэтэй, хятадуудын мэдэлд шилжинэ гэсэн хуурамч эх орончдын тэмцлээс үүдэн гацсаар буй.

2005 оноос төслийн судалгаа нь эхэлсэн 300 МВТ хүчин чадалтай “Шивээ-Овоо” цахилгаан станцын ажил өнөө хэр гацсаар буй бөгөөд 2025 оны хоёрдугаар сард тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар очиж, төслийг эхлүүлнэ хэмээгээд 100 га газрын асуудлыг шийдсэн ч дахиад л гацаанд оржээ. Мега төслийн хамгийн эхэнд эрэмблэгдэж буй Тавантолгойн цахилгаан станц нь өмнөд бүсийн эрчим хүчний системд асар том дэмжлэг үзүүлэх учиртай. Гэвч бараг 20 жилийн өмнө яригдсан төсөл өнөө хэр хэрэгжээгүй, сонгон шалгаруулалт дахин, дахин зарлагдсаар л. 

Сар гаруйн өмнө сүр дуулиантай хийгдсэн Оюутолгойн нээлттэй сонсголын үеэр ч станцыг тойрсон хэрүүл үргэлжилсээр байсан бөгөөд Оюутолгой барьж өгөхдөө өндөр үнэ хэлсэн учраас дотоодын аж ахуй нэгжүүд хамтраад барина гэсэн ч сайд асан Ч.Хүрэлбаатар гацаасан гэх мэтээр Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар хэрэлдсээр байсан нь гунигтай. Гэтэл Оюутолгой компани жил бүхэн 200 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-ын Өвөрмонголоос худалдан авч байгаа. 20 гаруй жил яригдсан тавдугаар цахилгаан станцын сураг чимээ дуулдаж, Улаанбаатар хотоос бариулахаар явж буй ч Засаг даргаа солих тухай ярьж эхлэв. Магад дахиад л гацах биз.

Хамгийн сүүлд БНСУ-ын “Эксим” банкны 147 сая ам.долларын санхүүжилтээр 10 аймагт хэрэгжих дулааны станцын төсөлд шалгарсан БНСУ-ын компани дампуурлаа зарлаж, манай талаас зөвлөх үйлчилгээнд шалгарсан Н.Тавинбэхийн туслахын компани авлигын хэрэгт холбогдсоноор энэхүү том төсөл дашийн шог болж, Монгол Улсын эрчим хүчний салбар “чөтгөрийн тойрог” дотроо дахиад хэдэн арван жил эргэлдэх нь гарцаагүй болов.

Золоор өнгөрсөн хоёр жилд Сонгино дэд станцын өргөтгөл, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батерей станц ашиглалтад орсны хүчинд хотоороо, улсаараа тас хөлдчихгүй тэсэж байна, бид. Дахиад хэдэн оныг ингэж аргалж, Азийн цагаан дагина Улаанбаатар хот маань лаа барьдаг, харанхуй хот болж, хөлдөж үхэхгүйхэн шиг энэ жилийг аргалаасай хэмээн залбирч суух вэ, дарга нар аа. Салбараа өндийлгөж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй сайдаа хөөж явуулан чаддаг, мэддэгт нь энэ салбарыг даатгаж болохгүй юу, Ерөнхий сайд аа. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

 

 

.