ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Баттулга: Шинэ худалдааны төв барихад зориулж гурван тэрбумын санхүүжилт баталсан

O.Admin
8 цагийн өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван аймагт 12 жилийн өмнө баригдсан орон нутгийн өмчит худалдааны төвийн хоёр нь өнгөрсөн онд шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан "Шинэ Улаангом" худалдааны төв галын аюулгүй байдлыг мөрдөж чадаагүйн улмаас шатсан бөгөөд хохирсон иргэд төрөөс хохирлыг нь барагдуулж өгөх ёстой гэх шаардлагыг тавьж, жагсаж байсан билээ. Тэгвэл энэ асуудлаар Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр, "Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Шинэ Улааннгом” зах шатсан харамсалтай осол гарсан. 283 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байсан. Хохирлын хэмжээг хууль хүчний байгууллага шалгаад явж байгаа. удахгүй хохирлын хэмжээг тогтоогдох байх. Бид бүхний тухайд холбогдох газрууд, Ерөнхий сайдтай уулзаж санал хүсэлтээ тавьсан. Мөн аймгийн ИТХ-аас тодорхой төсөв гаргахаар шийдвэрлэсэн. 2026 оны төсөвт гурван тэрбум төгрөг суулгаж, захыг сэргээн босгох, шинээр барихаар төсөвлөлөө.

Улсын мэдэлд газар нь байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэ зах барихаар шийдвэрлэсэн. Засгийн газарт иргэд болон аймаг орон нутгийн удирдлагууд хандсан байгаа. Эхний ээлжинд хохирлын хэмжээг бодитоор тогтоосны дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Галын дүгнэлтийг үнэн зөв гаргахаар хууль, хүчний байгууллагууд ч шуурхай ажиллаж байна. Иргэд маань хууль хүчний байгууллагатай уулзаж хохирлоо үнэн зөвөөр мэдүүүлэх тусмаа асуудлаа хурдан шийдүүлэх юм. 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Гурван аймагт баригдсаны хоёр нь шатчихлаа. Есөн жилийн хугацаанд завсар үйлчилгээ хийгээд явж байсан ч элэгдэл хоргодол их байсан юм билээ" хэмээжээ.