ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Цэнгэл: Ойролцоогоор 33 компаний асуудлыг хаврын чуулганаар ярина

O.Admin
1 өдрийн өмнө

Засгийн газраас өнгөрөгч оны сүүлд төрийн өмчит компаниудыг үе шаттай хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү ажил ямар үе шаттай явагдаж байгаа талаар Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр, “Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн тухай хуульд заасанчлан бид төрийн өмчит компаниудыг өөрчлөн байгуулах, биржээр хувьчлах буюу нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг хуулиараа Засгийн газар өргөн мэдүүлээд Их хурал баталдаг хуультай. Үүний дагуу Үндсэн чиглэлийг яаралтай оруулж ир гэдэг санал гишүүдээс их гарсан. Засгийн газар маш олон судалгаа хийсний үндсэн дээр гурван чиглэлээр Үндсэн чиглэлийг оруулаад Засгийн газар дэмжээд, Их хуралд шинэ оны өмнөхөн өргөн барьж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Гишүүдээс нэлээдгүй санал, шүүмжлэл ч гарсан. Ойролцоогоор 33 компаний асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. Гурван бүлэгт хуваагдаж байна.

Нэгдүгээрт, нэмэлт хувьцаа гаргаж, Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгох 18 компани бий

Хоёрдугаарт, шууд дуудлага худалдаагаар худалдах долоон компани

Гуравдугаарт, компаниудыг өөрчлөн байгуулах, татан буулгах, нэгтгэх байдлаар явна.

Үндсэн чиглэл 2026-2028 онд хэрэгжинэ. Хаврын чуулган гуравдугаар сарын 15”нд нээгдэхтэй зэрэгцэн тал, талаас нь хэлэлцэж батлах байх. Өмч хувьчлал 1990 оноос эхэлж, өдгөө 35 жил болжээ. Өнгөрсөн 2019 онд Засгийн газраас өмч хувьчлалд үнэлэлт дүгнэлт хийж, тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгчээ гэдэг шийдвэр гаргасан байдаг. Алдаа дутагдал гарсан зүйл ч бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэргийг хууль бусаар хувьчилсан гэж төрд буцааж авсан зүйл ч бий. Тиймээс төр маш сайн нягталж байгаа. Төрийн өмчтэй болон төр давамгайлсан 101 хуулийн этгээдийг ангилж авч үзэхээр Үндсэн чиглэд тусгачихсан.

Компаниудаа ангилж авч үзээгүй юм билээ. Стратегийн компаниудад төр өөрөө 34 хүртэл хувиа эзэмшинэ. Цэвэр бизнесийн компаниудад төр үе шаттайгаар оролцоогоо багасгаж, олон нийтийн оролцоог нэмнэ. Нийгмийн хариуцлага хүлээж байгаа, нийгмийн дэд бүтэц чиглэлийн, тухайлбал АЗЗА мэтийн компаниудыг нэгтгэх байдлаар явна.

Ер нь компаниудын олж буй орлого харилцан адилгүй. Уул уурхайн компаниуд нэг өөр. Харилцаа холбооны компаниуд маш бага орлого, цалинтай. Тэгэхээр харилцан адилгүй байдлыг өөрчлөх чиглэлд ажиллана. Төрийн өмчит компанийн захирлууд онцгой нөхцөл байдлын гэрээ байгуулж ажилладаг. Тэрхүү гэрээнд олон урамшуулал, нэмэлт цалин байсан. Байр сууц, унаа тэргээр хангах, гэрээгээ биелүүлсэн бол орон сууцыг өөрт нь өгөх байсныг бүгдийг нь болиулаад зөвхөн цалин өгөх, ажлын үр дүнгээр урамшуулал авах асуудлыг хэвээр үлдээсэн. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол зэрэг компаниудын захирлууд л өндөр цалинтай байгаа” хэмээлээ.