ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амралтын өдрийг дарга нараас аваръя

O.Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 96.1-д “Долоо хоног бүрийн бямба, ням гарагт нийтээр амарна” хэмээн хуульчилсан байдаг бөгөөд ажил, үйлдвэрлэлийн бусад онцлогоос шалтгаалж бямба, ням гарагт амраахгүй ажилтан, албан хаагчдаа ажиллуулсан тохиолдолд ажилтантай тохиролцон долоо хоногийн өөр бусад өдөр дарааллан амраах, эсвэл бүх нийтээр амрах өдөр ажилласан тохиолдолд хуулийн дагуу нэмэгдсэн цалин хөлс олгодог хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, бямба, ням гарагт ажил хийх нь хуулиар хориотой гэсэн үг. Гэвч манайд энэ заалт хэрэгждэг үү гэдгийг асуухгүй байж болохгүй болсныг олон ч аав, ээж, эгэл жирийн ажилтан залуус хэлэх байх аа. Амралтын өдөр гэдэг бол дэлхийн бүх улс оронд хамгийн чухал өдрүүд байдаг.

Энэ өдрийг гэр бүлдээ зарцуулна. Нийгмийн харилцааны хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ, хайртай үр хүүхдэдээ цаг зарцуулдаг учраас амралтын өдрөөр ажилтнаа ажиллуулах байтугай илүү цагаар ажиллуулсан бол дэлхийн аль ч улс оронд илүү цагийн хөлсийг нь бодож олгох, тухайн ажилтнаас уучлалт хүсэх гэх мэтээр хүн хоорондын харилцаа хамгийн эрхэмд тооцогддог. Дэлхийн өндөр хөгжилтэй олон ч улс орон бямба, ням гарагт ажил огт төлөвлөдөггүй бөгөөд шаардлагатай тохиолдолд хамт олны аялал, амралтын арга хэмжээ төлөвлөсөн ч түүндээ заавал гэр бүлтэйгээ ирэхийг хүсдэг. Компаниудын дотоод соёлд ч хэрвээ амралтын өдрөөр үдэшлэг, компаний дотоод арга хэмжээ төлөвлөсөн бол түүндээ заавал гэр бүлээ урьж оролцуулахыг хүсдэг журамтай.

Гэтэл Монголд л энэ бүхэн эсрэгээрээ. Төрийн байгууллагаас эхлээд хувийн хэвшлүүд нь хүртэл амралтын өдрөөр элдэв арга хэмжээ төлөвлөнө. Үр хүүхэд нь том болоод тусдаа гарчихсан, амралтын өдрөөр хийх зүйлгүй дунд эргэм насны даргатай бол бүр ч хэцүү.

Элдэв уулзалт, хурал цуглаан, найр наадам, спортын арга хэмжээ тасралтгүй зохион байгуулна. Сургууль, цэцэрлэгүүд нь спорт, урлагийн арга хэмжээ ар, араас нь төлөвлөх жишээтэй. Амралтын өдөр ажилтнаа сургууль руу нь дуудсан захирлаас болж Дархан-Уул аймагт гурван бяцхан үр байшинтайгаа шатаж амиа алдаж байсан аймшигтай хэрэг гарч байлаа. Гэсэн ч тэр үедээ л шуугиж, шаагилдаад өнгөрснөөс биш амралтын өдрийг гэр бүлээс нь хулгайлдаг дарга, цэрэг нар өнөөдөр ч хаа сайгүй байна.

Бямба гарагийн шуурхай хуралдаан гэж нэг хэсэгтээ л Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж попорсон тохиолдол өмнөх Засгийн газрын үед гарч байв. Өнөөдөр ч төрийн том дарга нар бямба гараг бүрт үйлдвэр, төрийн байгууллага “хэсэж” хүндрэл учруулж буйг нуугаад яахав. Дарга ирэх сургаар тухайн газрын ажилтан, албан хаагчид амарч чадахгүй. Дагаад төрийн байгууллагын олон залуус амарч чадахгүй. Гэтэл энэ бүхний ард бүлтийтэл аав, ээжийгээ хүлээсэн хүүхдүүд, хамтдаа амарч, ажил төрлөө төлөвлөх гэсэн олон хань, ижил хүлээж байгаа нь тодорхой.

Залуу гэр бүлийн хамгийн үнэт зүйл бол хамтдаа байх. Ядахдаа л өвлийн энэ хэцүү цаг үед амралтын хоёр өдрөөр гэр бүлээ аваад салхинд гарах, утаанаас холдох, үр хүүхдээ гулгуулж, салхилуулах цагийг нь хангалттай өгчих сэтгэл, ухаан дарга нараас дутаж буй нь үнэн. Амралтын хоёрхон өдөрт хүн олон зүйлийг амжуулах болдог. Гэр бүлийнхээ хүнсийг бэлтгэх, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь бэлтгэх, бусад ажил төрлөө амжуулах, хайртай бүхэнтэйгээ кино үзэх, амрах, салхинд гарах гээд олон ажил бий. Гэвч тэр өдрөөс дарга нар нь хулгайлна. Нэмээд оройн цагаар хэзээ ч хамаагүй ажил ярьж утасдана. Шөнө орой илүү цагаар ажиллуулна. Гэтэл хүнээ боддог, хүндэлдэг улс оронд ажлын бус цагаар ажилтан руугаа дарга, цэрэг нь утасдсан бол ажлын байрны дарамт гэж үздэг. Шаардлагатай тохиолдолд ажилтан руугаа утасдсан, ажил хийлгэсэн бол заавал Хөдөлмөрийн тухай хуулиараа илүү цагийн хөлс олгодог журамтай, бүр хуультай. Гэтэл манайх асар бүдүүлэг.

Ажлын бус цагаар утасдсан ч уучлалт гуйх соёл байхгүй. Шөнө орой илүү цагаар ажиллуулсан хөлсийг нь хуулиар бодож олгох тухай яриад ч хэрэгггүй. Бүр бүх нийтийн амралтын өдрийг хүртэл дарга нар “хулгайлж” буй нь худлаа биш билээ. Үр ашиггүй баяраар нэгхэн хоног амрааж байгаа атлаа тэмдэглэлт том баяраар амраах өдөр нь цөөхөн. Хайртай гэр бүлтэйгээ аятайхан амарч, аялж чадахгүй л цагт баригдан, цалингаа хасуулахгүй гэж хичээж буй олон зуун залуусын ард гэр бүл салалт, араар тавилт, элдэв хардлага сэрдлэг бий болж, салалт улам бүр ихэссээр байгааг эрхэм дарга нар ойлгож ухаарах цаг болсон биз ээ.

Нэмээд элдэв төгсөлтөөрөө нэгдэж нийлж амралтын өдрөөр спорт, урлагийн арга хэмжээ хийдэг зэргээс болж гэр бүлийн үнэ цэн улам бүр алсарч буй ойлгох ухаантай дарга нар энэ төрд байдаг гэж найдъя. Манайхаас өөр улсад гэр бүлийн өдрийг хүртэл тусад нь хуульчилдаг. Шалтгаангүйгээр нэг өдрөөр амраах зэргээр ажилтнаа хамгийн эрхэмд тавьдаг.

Нэмээд ажилтны гэр бүлийн хайртай хүмүүсийн төрсөн өдөр болсон бол ажлаас нэг өдөр чөлөөлдөг дотоод журам ч хэрэгждэг. Энэ бол тогтвор суурьшилтай, сэтгэлзүй нь амар амгалан сайн ажилтантай байх хамгийн эхний дүрэм. Харин Монголд л эсрэгээрээ чи залуу юм чинь илүү цагаар ажилла, чи залуу хүн учраас амралтын өдрөөр ажилла гэх мэтээр ажилтнаа дарамталдаг байдлаас болж гэр бүл салдаг, тогтворгүй, ууртай, унхиагүй ажилтан бий болж байгаа юм. Хувь, хувьсгалын дарга нараас ядахдаа л амралтын өдрөө аварч үлдэхсэн.