Оюутолгойн сонсголын хоёрдахь өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Сангийн сайд асан С.Баярцогтоос дараах асуултыг асуув.
Тэрбээр, "2008 оны тавдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, маш өргөн хүрээний буюу 10 заалт бүхий үүрэг чиглэл гаргасан байдаг. Тэнд бүр мааш тодорхой буюу өнөөдрийн бидний ярьж байгаа бүх зүйлийг тусгасан байна лээ. Ажлын хэсгийг өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар ахалж байсан юм билээ.
Г.Занданшатар дарга тэр үед хэлэхдээ "Д.Ганхуяг гишүүний зөв өө. 34 хувийг өндөр өртөгтэй эзэмшээд байгаа юм. Эзэмшихдээ зардалгүй эзэмшээд байгаа боловч 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтаа хийхээр нийт хөрөнгө оруулалтын хэмжээг таван тэрбум ам.доллар гэж тооцвол 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж байгаа юм. Ийм учраас энэ асуудлыг ярьж байгаад гурван хувилбар санал болгож байна.
Нэгдүгээрт, бүх татвараа авъя гэдэг санааг би сая хэлсэн. Бүх татвараа авахаар таны хэлсэн ашгийн татвар, нөөцийн төлбөр хоёр дээр чөлөөлөгдөж байгаа гаалийн татвараа авах, ногдол ашгийн татвар, 68 хувийн татвар авах гээд үндсэндээ үнийн янз бүрийн түвшинд 80 хүртэлх хувийн татвар манай ашигт малтмалын хуулиар оногдож байгаа юм. Ингээд бүх татвараа аваад бид хувь эзэмшихгүй явахад 80 хувийн татвар авах бололцоо байна.
2.1 заалт бол бүх татвараа авъя гэсэн заалт юм. Хэрвээ бид гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөх юм бол Монголын талд оногдох 34 хувь хүртэл байдаг юм уу, хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүйгээр эзэмшье. Одоогийнхоор бол таван тэрбум доллар анхны хөрөнгө оруулалт гэж үзвэл 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээгээд 1.7 тэрбум нь 9.9 дээр нэмээд АНУ-ын инфляцийн түвшин нэмэгдвэл 10 гаруй хувийн хүүтэй явахад ногдол ашгаас эргүүлж төлөх хугацаа хүртэл 4.2 тэрбум долларын өртэй болж байгаа юм.
Ингээд 2023 он хүртэл ногдол ашиг авахгүй. Бидний тооцооллоор илүү урт хугацаанд ногдол ашиг авахгүй нь ээ. 23 жил ногдол ашиг авахгүй түвшинд очих нь ээ. Ийм учраас ногдол ашиг авдаггүй, ТУЗ-өөр шийдвэр гаргаж чаддаггүй, 34 хувь нь ач холбогдол багатай байна. Тиймээс 34 хувийг хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүйгээр эзэмшье.
Хоёрдугаарт, ер нь бид бүтээгдэхүүн хуваах гэрээ концесс, “алтан хувьцаа” эзэмшин нөөц баялгаа үнэлж, урьдчилж авах нөхцлийг судлах цаг болжээ гэж ажлын хэсэг үзсэн. 34 хувиа эзэмшихийн тулд ийм их өр төлбөрт орсноос бүх татвараа авахад л 60-70 хувийн ашигтай байх юм байна. Ер нь нөөц баялгаа үнэлээд тодорхой 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших ёстой" гэж хэлж байжээ. Энийг яагаад тусгаагүй юм бэ" хэмээлээ.
Харин энэ асуултад Сангийн сайд асан С.Баярцогт "Энд баахан гишүүд суучихаад би дэмжээгүй, би эсэргүүцэж байсан гээд яриад байна. Баримт байгаа учраас би энэ хүмүүсийг худлаа хэлж байна гэж хэлнэ. Засгийн газарт чиглэл болгосон 57 дугаар тогтоолыг хэлэлцэхэд 49 хүн хуралд оролцож, 17 хүн татгалзсан. Энд сууж байгаа бүх хүмүүс дэмжсэн. 34 хувиа ав, 50-д хүргэ, хуульд нийцүүл гээд. Бүгд дэмжсэн.
Энэ 57 дугаар тогтоолын энэ бол 2009 оны долдугаар сарын 16. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай гээд ийм тогтоол. Дараа нь гурван хуульд өөрчлөлт оруулахад хамгийн их дээр нь есөн хүн эсрэг санал өгсөн. Нөгөөх дээр нь долоо, найм. Эд бүгд баримттай зүйл юм аа, Бат-Эрдэнэ гишүүн ээ.
Би энд сууж байгаа хүмүүсийг эсрэг санал өгсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна аа. Баримт гаргаад л санал өгснийг нь харуулаад явах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт бол 2008 оны тавдугаар сарынх. Оюутолгойн батлагдсан гэрээ бол гуравдахь хувилбар.
Харин хоёрдахь хувилбар дээр Эдийн засгийн байнгын хороо ярилцаад дүгнэлт гаргасан юм. Тэрний өмнөх нь 40 дүгээр тогтоол дээр үндэслэж явж байсан. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ өгөөд дахиад УИХ-аар оруулж танилцуулаад 57 дугаар тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, бидний удирдамж бол УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоол байсан. Нөгөөдөх нь Эдийн засгийн байнгын хорооны тогтоол. Энэ гурав.
Нэмээд наймдугаар сарын 11-нд ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан. Энэ хэдийг л бичиг баримтынхаа гол эх болгож байгаа. Гишүүдийн ярьсныг яагаад аваагүй юм бэ гэлээ. Манай хуульд бүтээгдэхүүн хуваах тухай ерөөсөө байхгүй. Заасан заалт нь 5.3, 5.4, 5.5. Төсвийн хөрөнгө оруулалтаар бол 50 хувиа ав, хувийнх бол 34 хувиа мөнгөө оруулаад ав гэж хуульд заасан. Хэрвээ энэ хүмүүс ярьж байсан зүйлээ өөрчлөөд бүтээгдэхүүн хуваахаар явъя, дан татвараа авдгаараа авъя гэсэн саналыг байнга ярьж байсан.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа байхгүй юу. Гэтэл 57 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульдаа нийцүүл гэсэн байхгүй юу. Тэгээд л нийцүүлээд оруулж ирсэн. Н.Батбаяр гишүүний хэлээд байгаа 68 хувийн гэнэтийн ашгийн татварын асуудлыг УИХ өөрөө хүчингүй болгосон.
Хэрэгжүүлэхгүй гэсэн юм ерөөсөө байхгүй. Дээрээс нь гурван хуульд өөрчлөлт оруулсан. Анхны гэрээний хөрөнгө оруулалтын дүн 5.1 байсан. Яг энэ агуулгаар аваад үзвэл ил уурхай 20, далд уурхай нь 80 хувь. 5.1-дээ багтсан хөрөнгө оруулалтаа хийгээд 20 хувийн ил уурхайгаа ажиллуулаад, найман жил үр ашигтай ажиллаад, тэр гарсан мөнгөөрөө гүний уурхайгаа санхүүжүүлээд явна гэдэг анхны төсөөлөл. Энэ бол Засгийн газар ч хийж байсан, хөрөнгө оруулагч тал ч хийсэн.
Үүнд үндэслэж ТЭЗҮ хийгдсэн. Гэтэл нөхцөл байдал хүндэрсэн. Геологийн нөхцөл байдал хүндэрч, үнийн өсөлт бий болж байна гээд тухайн үед зардал нэмэгдээд эхэлсэн. Биднийг ажлаа өгч байхад зардлын хэмжээ нэмэгдсэн. Шинжээчийн харуулсан мэтгэлцээн гэдэг зүйлийг 2012 онд хийсэн. Н.Батбаяр гишүүн маш сайн мэдэж байгаа.
Наад С.Ганбаатартайгаа битгий мэтгэлцээрэй. Бид хөрөнгө босгох гээд явж байна. Наад мэтгэлцээн чинь гай болно шүү. Биднийг хөрөнгө оруулалтын танилцуулгын “тур”-аа хийж дуустал битгий мэтгэлцээрэй гэдэг зүйлийг Нью-Иоркоос билүү Токиогоос ярьж байсан. Тэгээд би хойшлуулаад л байсан. Энэ бол хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй байхгүй юу даа. Чингис бонд бол маш бага хүүгээр боссон. Энэ бол Оюутолгойн гавьяа байсан шүү. Ийм зүйлүүдээ ойлгож ярих хэрэгтэй" гэсэн хариулт өглөө.
