ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Гэр бүлийн тухай хууль орсон онцлох заалтууд

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Гэр бүлийн тухай хууль шинэчлэгдэн орж ирж байгаа нь энэ юм. 1999 онд батлагдсан хуульд найман удаагийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн гэж байгаа ч салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг даган өөрчлөлт оруулсан байдаг аж. Энэхүү хуульдаа УИХ таван удаагийн парламентаар ажлын хэсэг байгуулагдан гар дүрсэн ч бодит өөрчлөлт хийж чадаагүй аж. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд ямар, ямар өөрчлөлтүүд орж байгааг хүргэе. 

Засгийн газраас боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл батлагдсанаар:

-Гэр бүл салалтаас болж эрх нь хамгийн их зөрчигддөг хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавина.

-Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэгшитгэлгүй тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтооно.

-Хүүхдийн тэтгэлгийг асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгоно

-Гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулна..

-Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзнэ.

-Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болно.

-Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга бус шүүх шийдвэрлэдэг байхаар олон улсын жишигт нийцүүлнэ.

-Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзнэ.

-Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй болно.

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас салах өргөдлөө өгсөн тохиолдолд эвлэрэх хугацаа олгохгүйгээр шууд шийдвэрлэнэ.

-Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.