УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН-аас гарч байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурснаас үүдэн улс төрийн дарамт шахалтын улмаас энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл тус намын дарга Т.Доржханд энэ асуудлаар хариу тайлбар хэлэхдээ "Түүнийг намаасаа гарсныг хэвлэлээс мэдлээ. Улс төрийн намын нэрээр УИХ-д ялсан учраас улс төрийн хариуцлагын асуудал яригдана" хэмээн мэдэгдэж байв.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн нүүр номын хуудсандаа "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж өргөдлөө үлдээгээд явсан. Өчигдөр Оюу толгойн талаар ярьж байгаад намын талаар сэтгүүлчийн асуултад хариулчихлаа. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яахав гэж чимээгүй азнаж байсан юм.
Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.
ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" хэмээжээ.
