ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аубакир: Гишүүн асан О.Баасанхүүгийн хуулийн компани тендер авсныг өчигдөр л мэдлээ

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн компани НДС-гийн өрийг барагдуулах чиглэлд хуулийн зөвлөгөө өгөхөөр сонгон шалгаруулалтад орж 100 сая төгрөгийн урьдчилгаа авсан гэх асуудал өчигдрөөс эхлэн сошиал орчинд явж эхэлсэн.

Тэгвэл энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр, “Үүнийг би тодруулсан. 2025 оны дөрөвдүгээр сараас эхлээд хууль, эрхзүйн туслалцаа авах сонгон шалгаруулалт зарласан юм билээ. Нийгмийн даатгалын санд өртэй хоёр банктай шүүхийн маргаан явж байгаа учраас хуулийн зөвлөгөө авах гэж манай яамнаас зарласан тендерт хүн ороогүй.

Тэгээд сая 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй болгож нэмэхэд нэг компани 198 сая төгрөгийн санал өгч шалгарсан юм билээ. Ингээд долдугаар сараас хойш хууль, эрхзүйн туслалцаагаа үзүүлээд аравдугаар сард урьдчилгаа буюу 100 сая төгрөгөө авсан.

Ард нь компаний эзэн хэн байсныг өчигдөр л мэдлээ. Ямартай ч 2.1 тэрбумын авлагын асуудлыг барагдуулж өгсөн нь үнэн. Тэгвэл "Нийгмийн даатгалын ерөнхий газрын хуулийн хэлтэс яагаад үүний араас яваагүй юм бэ. Хуульчдын баг байгаа шүү дээ" гэж сэтгүүлчид та бүхэн асуух байх. Гэвч олон жил араас нь яваад дийлээгүй юм билээ. Тухайн хоёр компани өөрсдөө маш том хуулийн багтай байсан. Тэгвэл том ферм хөлсөлж байж, ялалтад хүрсэн нь үнэн" гэх хариулт өглөө.