“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна.
Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
