Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд сууж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэхээс гадна УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцож, Дэд даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэе.
-Таны Засгийн газрын үед Английн хөлбөмбөгийн багтай гэрээ хийгээд санхүүжилтээ дутуу өгсний улмаас Арбитрын шүүхэд Монгол Улсыг өгсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөөч?
-Оюутолгойгоос мөнгө гаргуулаад би хувьдаа авчихсан гэх яриа, Хөлбөмбөгийн багийн хувцас, Харбинтай холбоотой гэрээ гээд баахан л зүйл сэвэх шиг боллоо. Намын дотоод сонгууль энэ хүртлээ зөрчилдөж, улстөржиж байгаад харамч байгаа. Иргэдээсээ уучлалт гуйж байна.
Баримттай, нотолгоотой зүйлээр хэн нэгнийг ярих ёстой атал огт худал зүйлээр гүтгэж болохгүй байх аа. Оюутолгойтой холбоотой гэрээ гээд байгааг би мэдэхгүй. Хуулийн олон газартай гэрээ байгуулдаг байлгүй дээ. Тэр олон хуулийн компаниудын нэг нь “Монгол хаан”-тай холбоотой ажлаа Монголыг сурталчилсан гэж үзэж, тайланд хавсаргасан юм билээ.
Англитай дипломат харилцаа тогтоосны хүрээнд болсон ойд манайхаас олон л төрийн өндөр албан тушаалтнууд очсон байх шүү. 126 хуудас тайлангийн нэг хуудсыг гаргаж ирээд л гүтгэлэг явуулсан. Хариуцлагатайгаар хэлье, тийм ажил огт хийгдээгүй. Нэг ам.доллар Монгол хаан руу орсон байвал би хариуцлага хүлээхэд бэлэн байна.
-Таны хүү орлогоо нотолсон уу?
-Энэ асуудал АТГ дээр яригдсан. Үйл явдал бужигнаснаас хойш АТГ бичгээ гаргаад тавьчихсан. Наадам давхцаад нийгэм нэг их анхаараагүй юм болов уу. Нэг цүнх, бөгжийг тэгтлээ улстөржүүлнэ гэж бодоогүй. Улс төрийн нэг үйл явдал дөхөөд ирэхээр янз бүрийн л үйл явдал гардаг.
Эргээд хөөс нь буугаад харахаар ихэнх нь худлаа байдаг. Ийм асуудлаар албан тушаалтанд хариуцлага тооцно гэвэл олон хүн явах байх. Манай хүү цүнх ч авч өгөөгүй гэдгийг нотолчихсон, эх үүсвэр юу байсныг гаргачихсан атлаа түүнийг уншихгүй байгаа нь өөрөө асуудал юм. Херо бол намайг улс төрд орохоос ч өмнө байсан студи. Би өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцдоггүй. Хэргийг нь АТГ шалгаж байгаа. Эцэслээд тогтоох байх.
-Нам задрахад таны үүрэг оролцоо өндөр байсан гэдэг мэдээлэл маш их явлаа. Энэ үнэн үү?
-Улс төрийн олон л өнцөг явдаг. Нэг зуунаас нөгөө зуун руу ялалтаар манлайлах үүрэг надад оногдсонд баярладаг. Уг нь ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байх цаг хугацааг хавраас хойш улстөржиж алдлаа. Том төслүүдээ хөдөлгөөд явж байсан гэж боддог. Алдаа оноо гарсныг үгүйсгэхгүй. Цаашдаа дотоод асуудлаа шийдээд цааш явах байх. Хүмүүс хоорондоо өрсөлдөх нь аль ч намд байдаг асуудал шүү дээ.
-Та Ухаа худагийн асуудлаар түр хороо байгуулсан. Гэтэл нөгөө талд Харбины гэрээгээр түр хороо байгуулагдчихсан байсан шүү дээ. Яагаад энийг давхцуулав?
-Наадах чинь ташаа мэдээлэл. Ухаа худагтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавихад бэлэн болчихсон байсан. Би ажлаа өгснийхөө дараагаас л гарын үсгээ цуглуулаад эхэлчихсэн. Долдугаар сард надтай уулзсан олон гишүүн байгаа шүү.
О.Алтангэрэл гээд холбогдох бусад гишүүд мэдэж байгаа. Засгийн газар дээр хийж байсан ажлаа үргэлжлүүлчихье гэж бодсон юм. Харбин бол манай намын хуралтай холбогдож гарч ирсэн асуудал төдий. Үнийн дүн зөрсөн гэх мэт огт худлаа мэдээлэл сэвээд л байна лээ. Өнөөдөр явж буй бүх гэрээ урт хугацааных байгаа. Хил дээр байгаа үнэтэй зориуд урт хугацааны үнийг харьцуулаад байгаа юм.
Олон жил хэлцэлд явсан гэрээ шүү. MMC гэж компанид эзэмшүүлэхээр оруулж ирснийг өөрчилж, хоёр улсын Засгийн газрын хэлцэл болгосон. Энд нууц зүйл огт байхгүй. Хоёр тал энэ гэрээг гуравдахь талд үзүүлэхдээ бие, биенээсээ зөвшөөрөл авна гэдгийг л нууц гэж мушгиад байгаа юм. Хятадын талд санал тавиад л Засгийн газар хүсэлт явуулаад үзчихэж болно. Хэрвээ энэ гэрээ болохгүй гэж байгаа бол цуцлаад шинээр хийх боломж хангалттай бий. Цуцлуулахгүй гэж хамгаалсан зүйл огт байхгүй шүү. 30 гаруй жил гацсан асуудлыг сөрөг хүчинтэй хамтраад ч болов явуулах гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажилласан. Энэ маань намын олон нөхдийн уурыг ч хүргэсэн байх.
-Танай намын зодоон Монгол төрийг тогтворгүй байдал руу түлхчихлээ. Эвлэрэх орон зай үлдсэн үү, энэ асуудлаа эцэслэх үү?
-Арваннэгдүгээр сарын 15-нд намын Их хурал болно. Өрсөлдөөн гарвал хэн нэгэн нь ялна. Ялсан нэгнээ хүлээн зөвшөөрөөд явах л асуудал. Эвлэх орон зайг бүрдүүлэх ажлын хэсэг гарсныг талархалтай хүлээж авсан. Бидэнд цаашдаа ойлголцоод явах орон зай хангалттай байгаа.
Аль ч намын дотоод сунгаа өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ үүндээ төрийн институци, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж болохгүй. Ийм жишиг тогтвол намын даргын сунгаа чинь нэгнээ яллах хэмжээний том зэвсэг болж хувирах вий.
-Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?
Парламентын хэд, хэдэн эрхэнд халдсан гэж үзэж байгаа. Парламентын дотоод процесс буюу ямар саналын томъёолол хийх, цагаа хэрхэн бүртгэх, гишүүд ямар санал өгөх вэ гэдэг нь Цэцэд огт хамаагүй асуудал. Гагцхүү Цэц бол эцэслэн гарсан шийдвэр дээр Үндсэн хуульд нийцсэн үү, үгүй юу гэдэг асуудлыг гаргах ёстой. Шийдвэр эцэслээгүй байхад маргаан үүссэн. Гурав хоног буюу онц байдал зарлах, цэрэг хөдөлгөх асуудал үүсвэл авч хэлэлцэх дэгээр асуудлыг хэлэлцэж, нэг талыг оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан. Цаашдаа Цэц бүх асуудлыг шийддэг ийм дэг тогтох вий. Цэц өөрөө улс төрийн хувьд парламентынхаа дээр гарах вий.
Парламентын засаглалтай улс орнуудад байдаг амин зүйл буюу Засгийн газартай хариуцлага тооцох чадамжийн асуудлыг үгүй хийх нь ээ. 1992 оноос хойш ийм зүйл гарч байгаагүй. Засгийн газартаа УИХ нь хариуцлагаа тооцож чадах юм уу. Цэцийн есөн гишүүний зургаатай нь ойрхон байгаад өөрийгөө хамгаалуулчихвал Засгийн газарт парламентын гишүүд хариуцлага тооцох ямар ч боломжгүй болох нь ээ.
-Таныг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад Засгийн газар 16 их наядын алдагдалтай ажилласан гэх аудитын дүгнэлт гарчээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Нягтлаад үзвэл Монгол Улсын нийт алдагдалтай холбоотой асуудал байгаа. Түүнийг л намын дотоод сунгаанаас болж гуйвуулж олон нийтэд хүргэж байгаа юм билээ. Дотоод аудит ороод Оюутолгойн асуудлыг гаргасан ч гэлүү С.Наранцогт даргын постерыг би хараад өөртэй нь холбогдоход “Огт хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичжээ” гэдэг хариу өгсөн.
-14 мега төслийг та үр ашигтай гэдэг. Гэтэл энэ Засгийн газар заримыг нь зогсоочихлоо. Үр дүн ч харагдахгүй байна шүү дээ?
-Засгийн газар бүхэн өөр, өөрсдийн бодлогоо тодорхойлж явдаг. Юугаа онцлох нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ажлаа урт хугацаагаар хараасай гэж боддог юм. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сонгуулийн циклээс үл хамааран хийх ёстой гэж үзсэн.
Мөн боомтуудаа хөдөлгөх нь зөв гэж үзээд сэргэлтийн бодлогыг гаргасан. Намайг ажиллаж байх хугацаанд 43 их наядаас 90 их наяд руу эдийн засаг тэлсэн нь өөрөө мега төслийн ач холбогдол юм. Цаашдаа ч бусад төслүүдийг явуулж байж л тулгамдсан асуудлаа шийдэж чадах юм шүү дээ. юмыг үгүйсгэх маш амархан. Болгож хийж бүтээх, төслүүдийг хөдөлгөх нь төвөгтэй.
Дагаж шүүмжлэл ирэхийг ч мэдэрч байгаа учраас хүлээцтэй ханддаг. Гэхдээ ажлаа өгчихөөд юм яриад байх нь зохимжгүй. Намын дотоод сунгаа явж байна, шинэ Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байгаа. Намын Их хурлаар ажлаа бүрэн өгөөд, Засгийн газрын эхний 100 хоног өнгөрсний дараа Их хурлын гишүүний ажлаа үнэнч шударгаар хийгээд, хэвлэлд нээлттэй явах болно оо.
-Таны Засгийн газрын үед гадаадад Монголыг сурталчлах ажилд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Нарийн сайн хэлж мэдэхгүй юм. Аялал жуулчлалыг дэмжих жил болгож, “Go Mongolia”, “Welcome to Mongolia” зэрэг аяныг хийснээр жуулчдын тоо нэмэгдэж, нислэгийн давтамж ч өссөн дүн мэдээ гарсан байдаг. Үүнийг би сайн ажил болсон гэж боддог. Англиас хэд ирсэн, Солонгосоос хэд ирснийг би мэдэхгүй.
Хурлаа хийж суухаас биш яамны ажил руу ороод хэдэн төгрөг гаргасан, хэдийг зарцуулсныг хянахгүй. Бүх яам саналаа нэгтгээд гаргаад ирсэн асуудал дээр алх цохиод, ёсчлоод л явж байсан. Хариуцсан, хариуцсан алба хаагчдаас нь асуугаад яваарай. Монгол хааны залуус руу их дайрч байна. Гэхдээ улс төрийг нь нэг тусад нь уран бүтээлчдийг нэг тусад нь бодооч ээ.
Уран бүтээлээ хийж байгаа залуусын урам зоригийг битгий мохоогооч. Асуудал байвал надтай л ханд. Монгол хаанд би нэмэр болсон биш нэрмээс болсон нь их байх. Шагналд тодорхойлоод ороод ирэхэд нь хүртэл хэл амны нэмэр гээд буцааж явсан. Битгий ийм ташаа мэдээлэлд автаарай. Монголыг сурталчлах ажлыг гадны компаниудтай хийх нь огт буруу зүйл биш. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэн нь үр дүн мөн үү гэвэл мөн. Дэлхийн томхон байгууллагуудтай аль ч Засгийн газар ажиллахаас өөр сонголтгүй. Ерөнхий сайдын ажлаа өгсөн хүний хувьд хэлэхэд гал гарсан ажлуудыг яах гэж хийв дээ гэж боддог юм байна.
Олон хүн гомдоож, улсын төлөө гэдэг агуулгаар том галтай сэдэв рүү орох ёстой байсан ч юм уу. Хөгжлийн банк, Оюутолгойн асуудал гээд л. Цаашдаа олон сайхан залуус гарч ирэх байх. Тэр бүхэн нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад том том сэдвүүдтэй тулахаар ядардаг юм билээ гэдгийг л хэлье.
Залуус гарч ирэхээс айгаад мохох вий дээ. Ажил хийж байгаад буусан хүнээ нэг сайн зодож кайф авдаг юм билээ. Ажил хийж буй хүндээ наанатай, цаанатай хандаж байгаасай. Сая намын тамганы зөрчлийн үеэр ч гэсэн 10 суудал бага авчихсан бол гэж боддог юм билээ. Тэгсэн бол мөрөөрөө л сөрөг хүчинтэйгээ эвсээд ажлаа хийгээд явж байгаа. Илүү хэрсүү байхгүй бол хууртагдах, дараа нь харамсах, олон асуудал буцах, хүндрэх вий гэдгийг иргэддээ хийгээд сэтгүүлчид та бүхнээс хүсэж байна.
-Х.Булгантуяа гишүүнийг буцаан татах ёстой гэдэгт та ямар байр суурьтай байна?
УИХ-ын гишүүний суудлыг нь гэхээс илүү сонгогчдын мандатыг нь хамгаалах ёстой. УИХ-ын гишүүн гэдэг ямар нэг улс төрийн дарамтад автахгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байгаасай. Хууль хяналтын байгууллагаас гишүүдэд хэрэг үүсгэх гэх мэт асуудал үүсгэдэг. “бөлдөгдөх” гэж ярьдаг даа. Гэтэл одоо энэ нь бүр Цэц дээр үүсэж байгааг анхаарах л ёстой. Хуулийн хонгилоо яах вэ гэж байхад нэмээд Цэцийн хонгил үүсчихлээ.
-Д.Амарбаясгалангийн талаар гадаадын хэвлэлд төлбөр төлж та мэдээлэл гаргуулсан уу?
-Юу гэж тийм зүйл байх вэ дээ. Бодит байдлаа дүгнэсэн ч наадах чинь худлаа мэдээлэл.
