ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

O.Admin
12 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.

Өнөөдөр өглөөний (2025.10.28) 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна.

Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буугаад байна. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонн ачилт хийгдсэн байна.