“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байгаа аж.
Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байгаа аж.
Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм. Та Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно.
Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагджээ.