ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: Цаазын ялыг сэргээе гэдэг попрол явж болохгүй

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын зарим эмэгтэй гишүүд нийгэмд дуулиан тариад буй аймшигт хэргээс үүдэн цаазын ялыг сэргээх ёстой хэмээн мэдэгдээд буй билээ.

Тодруулбал, 16, 32 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн шүүх хурал жил тойрон сунжирч, тус хэрэгт оролцсон этгээдүүд хэргийн хохирогч хэмээн өмгөөлүүлж буй асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хэлэхдээ “Онц хэрцгий аллага үйлдсэн этгээдүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр амийг нь зогоож, насаар нь шоронд байлгах нь зөв үү гэдэг асуудлыг бид ярих ёстой.

Энэ талаар ажлын хэсэг гаргаж, цаазын ялыг ямар нөхцлөөр сэргээх вэ гэдэгт ангиллыг судлах ёстой. Ялангуяа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, амийг нь хохироосон, хүнийг онц хэрцгийгээр яргалж хөнөөсөн тохиолдолд цаазын ялыг сэргээх ёстой гэдэг байр суурьтай байна” хэмээжээ.

Тэгвэл цаазын ялыг сэргээж болохгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцолсон байна. Тэрбээр, "Монгол ардчилсан улс мөн л юм бол гэмт хэргийн тодорхой мэдээллийг нийтэд өгч байх ёстой. Харин гэмт хэргийн гэдэс дотрыг задалж ярьж болохгүй. Шийдэл байхгүй шуураад өнгөрвөл дахиад эрсдэл бий болно. Сэтгүүлчид ч, олон нийт ч гэмт хэргийн гэдэс дотрыг гаргаж ирэх биш энэ сургамжийн дараа юу хийж чадах вэ гэдэг шийдэл рүүгээ зоригтой алхаж байх ёстой. Нийгмээрээ гаслаад өнгөрч болохгүй.

Яагаад энэ төрлийн гэмт хэргийг удаан шалгадаг юм, яагаад удаашралтай явагдаж байгаа юм, хохирогч "хохирогч" чигээрээ үлддэг, хохирсон дээрээ сэтгэл санааны доромжлол амсдаг, гэрч хохирогчийг хамгаалдаггүй байдлыг ул сууриар нь харах ёстой.  Гэмт хэргийг дагаад "цаазын ялыг сэргээе" гэдэг попрол явж болохгүй. Харин яагаад гэрч хохирогчийг хамгаалдаг тогтолцоогоо устгачихсан юм, яагаад иргэний хохирлыг барагдуулах систем ажиллахгүй байгаа юм гэдгийг харах нь зүйтэй. Нийгэм аливаа асуудал дээр сургамж авдаг. Шийдэлгүйгээр сургамж овоороод байх юм бол энэ нийгэм сүүлдээ маш таагүй хямралын үүдэнд очно" хэмээжээ.