УИХ-ын намрын ээлжит хуралдаан нээлтээ хийж, Засгийн газраас 2026 оны төсвийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Төсвийн сахилга бат, зарцуулалтын ил тод байдлыг иргэд олон нийт шаарддаг болсон энэ цагт Г.Занданшатарын Засгийн газар төсвөө иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, 186 мянган иргэний саналыг “E-Mongolia” цахим системээр авснаас гадна салбар яам бүр чиглэл, чиглэлийн төсвөөрөө хэлэлцүүлэг зохион байгуулснаараа онцлог байлаа.
Ингэснээр 239 мянган иргэн хэлэлцүүлэгт оролцож, 8.8 мянган санал ирүүлсэн нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог өргөн хүрээнд хангаж чадсан явдал боллоо хэмээн Ерөнхий сайд өчигдөр хийсэн танилцуулгадаа онцлов. Хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн 50 гаруй хувь нь эрүүл мэндийн төсвийг нэмэх ёстой гэж санал өгсөн бол үлдсэн нь боловсролыг дэмжих ёстойг онцгойлон сануулжээ. Ингэснээр хүний хөгжил буюу эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт анх удаа 2-5 дахин нэмэгдсэн гэдгээрээ онцлог болсноос гадна эрчим хүчний шинэчлэл гуравдугаарт эрэмблэгджээ.
Г.Занданшатар: Хүн төвтэй төсөв боловсруулахыг хичээлээ
Өргөн барьсан төсөв нь хүний хөгжлийг дэмжсэн буюу товчхондоо “иргэдийн төсөв” болсон хэмээн Ерөнхий сайд өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ онцлов. Тэрбээр, “2026 оны төсөв бол татварын ачааллыг бууруулсан, тэр хэмжээгээр төсвийн ачааллыг багасгаж, хувийн хэвшилд орон зай олголоо. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан ч гэсэн хүний хөгжлийг дэмжих чиглэлийг баримталсан. Хүн төвтэй төсөв боловсруулахыг эрхэмлэсэн гэсэн үг. Энэ төсвийг би “иргэдийн төсөв” гэж нэрлэлээ.
Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг учраас ачааллыг нь бууруулж, хязгааргүй өсөлт тэлэлтийг хязгаарлаж чадлаа. “D-parliament” цахим системээр татварын багц реформын төслийг хэлэлцүүлж эхлээд байна.
Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа” гэлээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг байх бол төсвийн тэнцэл нь ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ. Эдийн засгийн бодит өсөлт нь харин 2026 онд 5.7, 2027 онд 6.3, 2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна. Өмнөх онд 35 их наядын төсөв баталж байсан бол өнөө жил гурван их наядаар бууруулсан, сахилга бат сайтай төсөв хэмээн тэд онцлов.
Эрүүл мэндийн салбарын төсөв 1.3 их наяд болж, тав дахин нэмэгдэв
Өмнө хэлсэнчлэн, цахим санал хийгээд яамдуудад болсон хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн 50 гаруй хувь нь буюу 120 гаруй мянган иргэнээс эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэх ёстой гэдэг санал ирсэн учраас төсвийг нь 5.5 дахин нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлогтой. 2025 онд 238 тэрбумын хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байсныг 1.3 их наяд болгож нэмэгдүүлжээ.
Нэмэгдсэн төсвөөр ХСҮТ-ийн шинэ төв байгуулж, робот мэс заслын тоног төхөөрөмж авах юм. Мөн Зүрх судасны шинэ төв байгуулах, ГССҮТ-ийн их засвар, хүчитгэлийг хийх, Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв шинээр байгуулахаас гадна Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, 17 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний төвийг шинээр барьж байгуулна. 49.7 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж шинээр авахаас гадна 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулахаар тооцоолжээ.
Иргэдийн саналын хоёрдугаарт эрэмблэгдсэн боловсролын салбарт 2025 онд 513 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ мөнгө хоёр дахин нэмэгдэж, нэг их наяд болжээ. Тэрхүү санхүүжилтээр ирэх гурван жилд 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрны асуудлыг шийдэхээс гадна 66.7 тэрбумыг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд багш нарын нийгмийн асуудал буюу орон сууцжуулах асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярилцахаар тусгажээ. Багш, ажилчдын цалингийн нэмэгдэлд 100 тэрбумыг төсөвлөсөн бол ирэх онд дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгийн үйл ажиллагаа шууд эхлэхээр бүх зүйл нь шийдэгдэж дууссан гэлээ.
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэнэ
Төсвийн хуультай хамт Засгийн газраас НӨАТ-ын тухай хуулийн төслийг татварын багц хуулиас тасалж аван өргөн мэдүүлж буй бөгөөд эдийн засгийн хямрал, мөчлөгөөс үл хамааран НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгон нэмэгдүүлж, 2027 оноос харин 10 хувь буцааж олгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэн сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийгээд түүнийхээ таван хувийг буцаан авахаар зохицуулалт хийсэн бол сая төгрөгөөс дээш бол хуучнаараа буюу хоёр хувь байхаар зохицуулалт хийлээ.
Энгийнээр ойлгуулвал, 800 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн иргэн хуучин мөрдөгдөж байсан хуулиар НӨАТ-д 80.000 төгрөг төлөөд, 16.000 төгрөгийг буцаан авч байсан бол ирэх оноос энэ мөнгө нь 40.000 болж нэмэгдэх нь ээ. Нийт иргэдийн 75 хувь нь нэг сая хүртэлх төгрөгийн худалдан авалтыг сард хийдэг учраас үе шаттайгаар дундаж давхаргаа дэмжих нь татварын шинэчлэлийн гол цөм байна гэдгийг онцлов.
Үүнээс гадна “D parliament” цахим хуудсаар өчигдрөөс эхлэн санал авч буй Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн хэдэн төгрөгийн цалин авахаас үл хамаарч сар бүрийн цалингийн 800.000 төгрөгт татвар тооцохгүй байх саналыг тусгажээ. Ингэснээр 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 800 мянган төгрөгт хөнгөлөлт эдэлж, үлдсэн 700 мянган төгрөгөөсөө ХХОАТ-ын 10 хувийг төлнө гэсэн үг юм. Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлж, татварын өртэй компаний дансыг нь царцаадаг бүдүүлэг байдлыг халснаар орлогоос нь татвар суутгах шинэ журам хэрэгжиж эхлэх нь ээ. Хялбаршуулсан горимын босгыг 50 сая байсныг 400 сая болгон нэмэгдүүлэхээс гадна иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, далд эдийн засгийг ил болгох татварын реформын хэлэлцүүлэг орон даяар эхэлснийг мэдэгдэв.
Үр ашиггүй 22 төрийн өмчит компанийг татан буулгахаар болжээ
Өмнөх онд яригдаж байсан ашиггүй ажиллаж буй төрийн өмчит компаниудыг татан буулгах асуудлыг энэ онд үргэлжлүүлж, 109 болгож бууруулсныг дахин 22-оор хасаж, 87 төрийн өмчит компанитай байх шийдэл гаргасан байна.
231 мянган төрийн албан хаагчийн тоог 17 мянгаар бууруулж, төрийн албаны тэлэлтийг хязгаарлах буюу 2025 оны тодотголын түвшнээс нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталснаа дуулгалаа. Ирэх онд экспортын голлох түүхий эдийн үнийн бууралт, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эдийн засгийн идэвхжил удааширч, төсвийн орон зай хязгаарлагдмал байх төлөвтэй байгаа.
Тиймээс төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ий 24.0 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах юм. Урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр хэмнэж бууруулна гэв. Хэмнэлтэд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт багтахын зэрэгцээ төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээ багтжээ.
Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортолно
Улсын төсвийн гол хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас жилд хэдийг олж, хэчнээн тонныг хилээр гаргах вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв байдаг. Тэгвэл ирэх жил Монгол Улс 85 сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тусгажээ. Үнийг нь хамгийн бага зах зээлийн үнээр буюу 70 ам.доллароор тавьжээ.
Найм, есдүгээр сард үнэ бага зэрэг нэмэгдсэн ч ирэх жил бага үнээр тавиад явах нь зөв гэж үзсэн гэв. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ойрын хугацаанд энэ тоог 150-200 сая тонн хүргэх боломж байгаа ч үе шаттай нэмээд явна. БНХАУ-ын жилийн нүүрсний хэрэглээ таван тэрбум. 100 сая тонныг нийлүүлж байна гэдэг нь маш бага хэмжээ.
85 сая тонн руу энэ байдлаараа нийлүүлээд байвал нэлээд дөхөж очно. Төрийн компаниудад маш хатуу үүрэг даалгавар өгсөн. 2025 онтой харьцуулахад тийм ч их тоо тавиагүй. Таван хувиар л нэмэгдсэн. “Чайна Энержи”-тэй хийсэн том гэрээнээс гадна биржийн гэрээ зэрэг нэмэгдээд явахаар төлөвлөгөө биелэх боломж бий. Мега төслүүдийн зарим нь ирэх онд хэрэгжээд явна. Гангийн үйлдвэрийн тендерийг есдүгээр сардаа багтааж зарлана. Зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон. Ганцмод-Гашуунсухайтын төсөл эхлээд явж байгаа. Хоёр жилийн дараа бүрэн ашиглалтад өгөх байх. Шинэ гарцуудыг нэмнэ. Эрдэнэбүрэнгийн төсөл мөн эхэлж байгаа. Газрын тосны үйлдвэрийн хамгийн чухал бүтээн байгуулалт 2027 онд явна. Ирэх жил ч төсөл үргэлжлээд явахаар төсөвт мөнгийг нь тусгасан” гэлээ.
2026 оны төсвийн бусад онцлох заалтуудыг тоймловол,
-Орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмтай уялдсан бодлогыг банк санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлнэ
-Аялал жуулчлалын салбарт 267 тэрбум төгрөгийн зээлийг 150 орчим аж ахуйн нэгжид олгоно
-Махны экспортыг нэмэгдүүлнэ
-2026 онд 2000 км автозам, 1317м гүүр барина
-Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөг хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрлэлийг 3.515 МВт.ц-аар нэмэгдүүлж, 663 МВт.ц-аар импортыг бууруулна
-Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг дэмжинэ
-Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.
-Уул уурхайн хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлнэ.
-Малчдад ноос ноолуурын дэмжлэг үзүүлэх зээл олгоно
-24 байршилд газар чөлөөлж сургууль цэцэрлэг барихаар тус, тус тусгажээ.