ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Нэг намын дотоод асуудлаас болж хамгийн том төслөө зогсоох хэрэг үү

O.Admin
1 цагийн өмнө

Засгийн газрын тэргүүний ажлаа өгснөөс хойш хэсэг хугацаанд ажин түжин байсан УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр намрын чуулганы нээлтэд оролцож, хуралдаа суухаар ирсэн билээ. 

Тэгвэл чуулганы нээлтийн дараа хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож үг хэлсэн гэх мэдээлэл мэдээллийн сайтуудаар гарч эхлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намынхаа бүлгийн хуралд үг хэлэхдээ "Яаралтай Удирдах зөвлөлийн хурлаа хиймээр байна. Нэг намын дотоод асуудлаас болж хамгийн том төслөө унагах гэж байгаа бол "Чайна энержи"-гийн гэрээгээ цуцлаад ахиад төмөр замын хэлэлцээрээ эхлүүлнэ биз. Дахиад маш их хугацаа орж, Монгол л хохирно" хэмээсэн бололтой. 

Учрыг тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийж, Л.Оюун-Эрдэнэ Харбин хотод хамгийн муу гэрээг байгуулсан хэмээн мэдэгдсэн. Улмаар тус төслийг зогсоох ажлын хэсгийг өөрөө ахалж буй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худлаа нэр олж өгсөн. Нүүрс олборлолтоо сайжруулъя, төмөр замаа баръя, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн байна. Энэ луйвар булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. "Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг үүрэг даалгаврыг авсан юм шиг ажилласан. Хамгийн өндөр үнэтэй коксжих нүүрсийг сорчилж заасан. Нийт зарах гэж буй 250 сая тонн нүүрсний 55 хувийг сорчилсон. 35 хувь нь харьцангуй чанартай 3/1 гэсэн нүүрс байна. Үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй буюу чулуун нүүрс байхаар оруулсан байна. Гэтэл том Тавантолгой ордын нийт нүүрсний зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Энэ зөв зохистой харьцааг бариагүй. Ганцхан гэрээгээр нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарж байна.

Энэ гэрээний үнийг биржийн үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 долларын алдагдлыг тонн тутамд алдахаар байна. 250 сая тонныг 40 доллараар үржүүлэхэд 10 тэрбум доллар. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан. Энэ гэрээг яаралтай засах ёстой" хэмээн мэдэгдэл хийсэн билээ. 

Гэвч Н.Энхбаярын тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд ойр байсан хүн. Гэсэн ч хүүгээ сайд болгож чадаагүй, дараагийн Засгийн газарт сайдаар томилуулж чадсан учраас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг намаа авах вий гэдэг улс төрөөс үүдэн ийм мэдээлэл өглөө хэмээн олон нийт хардаж буй билээ.