ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хилээр оруулсан машиныг шалгах хугацааг нэг цаг болгожээ

O.Admin
5 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал шинэчлэгдэн батлагдсан журамтай холбогдуулан Техник импорт дахь гаалийн хяналтын бүсэд ажиллалаа

Гаалийн хяналт шалгалтын шат дамжлагыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах чиглэл өгсөн.

Үүний дагуу гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаар тушаалаар дээрх журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Сүхбаатар нар өнөөдөр Техник импорт дахь гаалийн хяналтын бүсэд ажиллаа. Энэ үеэр удирдлагууд гаалийн албан хаагчид болон, иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж дээрх журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ журмыг шинэчилснээр Гаалийн улсын ахлах байцаагч 55 заалтаар баталгаажуулж, зөвшөөрөл олгох үйлдэл хийж байсныг хүчингүй болгосон байна. Түүнчлэн хилээр оруулсан машины шалгах хугацааг тодорхой болгож 1 цагийн дотор шалгуулах, цахим мэдүүлгийг 3 цагийн дотор шийдвэрлэх, хилээр оруулах барааг 72 цагийн өмнө мэдэгдэж, дагалдах бичиг баримтаа урьдчилан цахимаар хүргүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Мөн авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг 72 алхмаар хянах ба эдгээрийн 30 хувь биечлэн, 57 хувь цахимаар, 7 хувь нь цаасаар хийгдэж, барааг хянах ажиллагаа ямар албан хаагч дээр, ямар шатанд явж байгааг бодит цагаар харах, мэдээлэл авах боломжтой болсон байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, энэ журмыг богино хугацаанд үр дүнтэй шинэчлэн боловсруулж ажилласан гаалийн байгууллагад талархал илэрхийлж, цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран журмын хэрэгжилтийг хангаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.