ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйлдвэр технологийн паркийг 2028 онд ашиглалтад оруулна гэв

O.Admin
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүү, дэд дарга Д.Цолмон, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй албаныхан хүнд аж үйлдвэрийн төв Дархан, Орхон аймагт ажиллалаа.

Тодруулбал,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дархан-Уул, Орхон аймаг тэргүүлдэг нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой дээрх үйлдвэрүүдтэй шууд холбоотой. Тэр утгаараа зэсийн баяжмал хайлуулах, катодын зэс гаргах, төмрийн хүдрээ боловсруулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилгын материал бэлтгэх зэрэг түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох дараагийн алхам эндээс эхэлнэ.

Аж үйлдвэрийн хамгийн том төв гэж нэрлэгддэг “Монгол Улсын Баатар” Эрдэнэт үйлдвэр бол манай улсын эдийн засгийн гол зүтгүүр. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулагдаж буй “Үйлдвэр технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа.

Нийт 1200 га талбайд төлөвлөгдсөн “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто замын дэд бүтцийн ажлууд үндсэндээ шувтарч, дуусах шатандаа байна. Энэ бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” 65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 2028 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлж байна.

Энэхүү “Үйлдвэр технологийн парк”-т зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдаж, шинээр 1200 орчим ажлын байр бий болох юм. Уг зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг нийт 772,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, 8,8 жилийн дотор уг хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө гэж тооцжээ.

Мөн үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өнгөт металлургийн салбарыг шинэ шатанд гаргана гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Ёндон онцоллоо.