ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Хэт өндөр үнэтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүний татварыг нэмнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч буй бөгөөд тоймлон хүргэж байна

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хууль дээдэлдэг Засгийн газар байгаасай. 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэр бүл тэр чигээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Нийт өрхийн 13 хувь нь ийм нөхцөлд амьдарч байна аа. Ардчилсан улсын хамгийн эрхэм зүйл бол хүн. Эдгээр өрхийн төлөө юу хийх вэ. Таны удирдаж байгаа ЕТГ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Тэдний хэд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна вэ. Төрийн хуулийг танай байгууллага биелүүлж байгаа юу. Танай Засгийн газар энэ хуулийг биелүүлээсэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах чиглэлд манлайлж ажиллаад өгөөрэй.  

Нэр дэвшигч Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллана. Төрийн байгууллага хийгээд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр үүрэг өгч, хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Нийгмийн асуудал хийгээд дэд бүтцийн талаар стандартыг нэвтрүүлнэ ээ. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Орон сууцжуулалтын банк байгуулах зарчмаар гэр хорооллоос салах бодлого хэрэгжүүлсэн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхийн төлөө ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагддаг юм билээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Дэлхий нийтийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ үед манай улсад эв нэгдэл, нягт хамтрал маш чухал байгаа. Монгол төр урт хугацааны залгамж чанартай байдаг. Л.Оюун-Эрдэний хэрэгжүүлж ирсэн бодлогыг хэрэгжүүлээд явна гэдгийг тань сонслоо. Энэ Засгийн газрын амин сүнс 14 мега төсөл байсан. Манай салбар гэхэд дөрвөн мега төслийг эхлүүлээд байлаа. Үүнийг цаашаа хэрэгжүүлээд яваарай. Төсвийн тодотгол хийнэ гэж ойлголоо. Уул уурхайн салбарынханд талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Бид нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө явсан. Энийг цаашаа үргэлжлүүлээрэй. АН-ыг хамтралд байх үед АН-ын сор болсон залуус төрд орж ирж ажилласан. Тэдний томилгоог ашиглаж, үргэлжлүүлэн ажиллуулах талаар бодлого баримталж ажиллах уу?

Нэр дэвшигч Г.Занданшатар: Дэлхийн нөхцөл байдал, худалдааны дайн үргэлжилж буй энэ цагт Монгол Улсын бодлогын тогтвортой байдал, залгамж халаа маш чухал. Урт хугацаанд хэрэгжих төслүүдийг хэрэгжүүлээд явна аа. Нүүрс химийн болон Алт боловсруулах үйлдвэрүүдийг барих ажлыг шуурхайлна. Ган хөгжиж байж улс орон хөгждөг. Зэс орчин цагийн тэргүүлэх түүхий эд боллоо.

Энэ хоёрыг орхихгүй ээ. 3.4-хөн тонн алт тушаагдсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Нийт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан авалтад зориулах, жижиг олборлогчдыг хууль эрхзүйн орчноор дэмжих байдлаар явах болно. Уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах болно оо. Гэхдээ мэдээж ур чадварыг чухалчлах болно. Ажлаа хийж буй хүнээр оролдохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эрх чөлөөний шинэчлэл хэдий түвшинд байна вэ гэдгийг эргэж нэг дүгнэх цаг болжээ. Ард түмний хүлээлт өндөр байна. Хэлдэг биш хийдэг, үнэн Ерөнхий сайд байна гэсэнд талархаж байна. Эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг ярих цаг болжээ. Мега төсөл гэдэг нь өөрөө эдийн засгийн эрх чөлөөний асуудал шүү дээ. Чиг үүргийн давхардлаас үүдэлтэй хүнд суртал их байна. Эрчим хүчний шинэчлэлийг хийе. Эрүүл мэнд, ногоон хөгжлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна шүү.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бид хэдэн ч Ерөнхий сайдын нүүр үзэв. Дэвшиж, дэмжиж л байдаг. Гэхдээ сайныг яриад байдаг ч бодит байдал дээр хийдэггүй. Төсвийг тодотгооч, төсвийн үргүй зардлаа багасгаач гэхээр хийдэггүй. Тэгэхээр энд эсрэгээр ярьмаар санагдах юм. Хоёрын хооронд байхаар тэр төрийн өмчит компаниудаа төрдөө аваад, авлигаа тултал цэцэглүүлээд чинээндээ тулчихвал дахиад гарц харагдах ч юм билүү. Нөхцөл байдлаа бид яаж үнэлэх юм. Гадны хөрөнгө оруулалт яах юм. Оюутолгойгоос өөр зүйл алга. Эдгээрт чин сэтгэлээр, чин үнэнчээр ажиллах уу. Биелж болох бодит зүйлээсээ хэлээч.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Улс төрийн гадаад дотоод орчин нөхцөл сайнгүй байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд олон асуудлыг хамтраад шийдэж байгааг та сайн мэдэж байгаа. Би үнэн байхыг эрхэмлэнэ. Алдаа маань ч ил тод байдаг. Худал хуурмагаар халхавчилж, худлаа ярихгүй. Маш тодорхой нэг зүйлийг хэлье. Төсвийг өргөн барина. Хэмнэлтийн тодотгол хийнэ. Татварын бодлогыг ил тод, шударга өрсөлдөөн рүү явуулна. НӨАТ төлдөг, төлдөггүй завхарлыг арилгана. Бодит ажлууд энэ байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдийн засгийн бодлогын зөвлөлд намуудын төлөөлөл орж ажиллах хэрэгтэй. Зөвшөөрлийн тоог цөөлснөөр эдийн засгийн эрх чөлөөг бий болгож байгаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Нийгмийн даатгалын ачаалал дээд хэмжээндээ туллаа. Үүнийг 20 хувиар бууруулж чадах уу. 170 гаруй малчин өрх, 400 гаруй мянган нүүдлийн малчин өрх байна. Ноос, ноолуур, махыг худалдан авах нэг тогтолцоо байхгүйгээс ченжүүд үнэлгээ бий болгож байна. Энд ямар бодлого баримтлах вэ. Парламентыг засаглалыг хэрхэн бэхжүүлэх вэ?

Нэр дэвшигч Г.Занданшатар: Урсгал зардлыг бууруулах асуудлын дийлэнхийг цалин хөлс эзэлж байна. Нэг их наядаар нэмэгдсэн. Бууруулах хэцүү. 2025 онд бусдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн зардал, хөрөнгө оруулалтаас хэмнэлт, таналт хийнэ. Татвар, нийгмийн даатгалыг тэдээр, эдээр бууруулчихна гэж хэлж чадахгүй нь ээ. 270 сая ам.долларын тансаг хэрэглээний архи, тамхи хилээр оруулж ирж байгаа.

Түүний импортын татварыг нэмнэ. Хэт өндөр үнэтэй хэрэглээний татварыг бол нэмнэ ээ. Малын түүхий эдийг үнэ цэнэтэй болгохын тулд олон цогц хөтөлбөр “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Гэхдээ мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт хангалтгүй байгаа нь үнэн. Мал аж ахуйн салбарт бүтээмжийн хувьсгал хийх шаардлага бий.