Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд 114 гишүүн оролцож буй бөгөөд 90.8 хувийн ирцтэй байна. Нийт 68 гишүүн асуулт асууж, хариулт авахаар бүртгүүлэв. Нэр дэвшигчийн тухай мэдээллийг Ерөнхийлөгч танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Байнгын хорооны шийдвэрийг танилцуулав. Хуралдааны явцын талаарх мэдээллийг өгье.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: АН бүлэг болон Байнгын хороонд тодорхой зүйл хэлсэнгүй. Шийдвэр гаргах түвшинд явж ирсэн хүн. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний бодлогыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Гэтэл энэ Засгийн газрын үед ядуурал эрс нэмэгдсэн. Айл өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх талаар юу хийх вэ. Ард түмнээ битгий талцуулаарай. Эдийн засгийн эрх чөлөөний хувьд дунд зэрэг гэж гаргажээ. Гэтэл амьжиргааны түвшин сайжрахгүй байгааг өөрчлөх ямар хатуу бодлого байна вэ. Төрийн гурван өндөрлөг ард түмнээ талцууллаа. Хэвлэл мэдээлэл, телевизээр талцуулсан. Үүнийг битгий хийгээсэй гэж хүсэж байна. Төсвийн тодотгол хийх үү. Тэвчиж болох зардлуудаа танах уу. Мега төсөл хийнэ гэж ярьдаг. Гэтэл түүнийг чинь хүний хүчээр хийнэ. Ахмадуудаа дэмжих талаар хойрго байна аа. Тэтгэвэрт гарснаас хойш 20 жил хөдөлмөрийн настай байна шүү.
Нэр дэвшигч Г.Занданшатар: Би тодорхой хэлсээн. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, иргэн бүхэнд хүргэхийг нэн тэргүүний зорилтоо болгоно. Хүн амын өсөлт 1 хувиар нэмэгдлээ. Дундаж наслалт 8.3-аар нэмэгдлээ. Ядуурлын түвшин 2013 оноос хойш гараагүй. Монгол Улсын 900 гаруй мянган иргэн ядууралд өртсөн байгаа. Энэ байдлыг өөрчилнө. Уул уурхайгаас нэн хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилнө. Татварын реформ хийнэ. Тансаг хэрэглээ буюу хэт өндөр орлоготой иргэдэд чиглэсэн татварын хатуу бодлого хэрэгжүүлнэ. Нийт хүн амынхаа орлогыг дэмжсэн, иргэндээ чиглэсэн бүтцийн өөрчлөлт хийх болно. Ажил олгогч хувийн хэвшлийг дэмжинэ. Хөдөлмөр хийж байгаа бүхнийг дэмжинэ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Нэгдүгээрт, хүний эрхийн төлөв байдал. Зарим нэг индексүүд санаа зовоож байна. 12 хуулийн төсөл өргөн барьснаас 11-ийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн түвшинд байгаа хуулийн төслүүдийг дэмжиж ажиллах уу. Хүний эрхийг хангах чиглэлээр яаж ажиллах вэ.
Хоёрдугаарт, авлигын нөхцөл байдал санаа зовоож байна аа. Оноо хэвээр байгаа. Авууштай нь өрсөлдөх бололцоотой гэдэг ангилал руу явж байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын экспертүүдээс өгсөн зөвлөмжийн дагуу энэ хуулийг өргөн барьсан. Энэ батлагдвал авлигын индекс буурах учиртай. Энд ямар манлайлал үзүүлэх вэ.
Гуравдугаарт, Стратегийн орд газартай холбоотой асуудалд хэрхэн ажиллах вэ. 18 жилийн дараа ажлын хэсэг байгуулсан. “Ухаа худаг”-ийн асуудлаар ажлын хэсгийг би ахалж, хууль зөрчсөнийг тогтоосон. Гэтэл ярьсан хүн болгонд саад учирсан. Монголын ард түмний баялгаас хувь хүртэх эрхийг хангах зориг танд байна уу?
Нэр дэвшигч Г.Занданшатар: Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгүй. Ардчилсан Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаалсан улс. Үндсэн хуульдаа үнэнч байна аа. Төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх нь шинээр томилогдох сайдад чиглэл өгнө. Хүн биш хууль засагладаг, хүний эрхийг хангах чиглэлээр гишүүдээс гарах санаачилга бүрийг дэмжинэ.
Авлигачдын хөрөнгө хураах асуудлаар би манлайлж ажиллаж ирсэн хүн. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн өндөр албан тушаалтан авлига авбал насаар нь хорих том өөрчлөлт оруулсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт ч энэ асуудлыг тусгаад өгчихсөн. Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихсан учраас Их хурал шийдэх байх аа. Үндэсний баялгийн санг амь оруулах нь миний хүсэл мөрөөдөл учраас манлайлж ажиллах болно.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Нэр дэвшигчийг дэмжиж байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуулт асууя. Эрүүл мэндийн салбарын төсөв хангалтгүй байна. Эмнэлгийн боловсон хүчин дутагдалтай байна. Эмийн хангалт муу байгаа. Эмч, ажилчдын цалинг нэмэх үү. Үндэсний эмийн үйлдвэрийг хөгжүүлэх үү. Сум, багийн түвшинд эмийн сангийн хүрэлцээ хангамж муу байгаа. Үүнийг өөрчлөх үү. Малын түүхий эд үнэгүйдэж байна. Бүс нутгийн хэмжээнд түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд барих уу. Улаанбаатар хотыг хуваахыг дэмжихгүй байна. Харин 21 аймгаа хот болгож хөгжүүлэх үү. Банкны хүүг бууруулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах уу?
Нэр дэвшигч Г.Занданшатар: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлж, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Үе шаттай нэмж байж бодлого зөв болдог. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэх боломж алга. Үнэнээ хэлье. Төсвийн орлого тасарч байна. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина. 3.2 их наядаар бууруулахгүй бол эрсдэл учирсан. Зайлшгүй тодотгол хийх нөхцөл байдал үүссэн. Үргүй зардлыг танахгүйгээр явахгүй. Бүтээмж үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг хэвээр үргэлжлүүлнэ. Сайн эмч нар илүү цалин авдаг болно гэсэн үг. Эмийн үйлдвэр, эмийн сангийн мөн ялгаагүй. Зээлийн хүүг бууруулах стратегийг бид нэвтрүүлж байсан ч дайн, ковидоос шалтгаалж буурч чадахгүй байна аа. Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Шатахууны үнэ өсөж байгаа нь үнэн. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжиж эхэлсний дараа танд тодорхой мэдээлэл өгье.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Та өмнө нь орон нутгаас сонгогдож байсан учраас орон нутгийн ажил амьдралыг мэдэж байгаа. Орон нутгаа жаахан анхаарахгүй бол болохгүй болжээ. Сумдууд хүнгүй болсон байна. төсөв мөнгөнөөс эхлээд бүгдийг нь улсын төсөв рүү татаад авчихдаг. Томилгоог хүртэл яам, тамгын газраас шийдэж байна шүү дээ. Бүсчилсэн хөгжлийг шинэчлэн баталсан ч хэрэгжихгүй байгаа шүү. Хэдэн чуулган хийснээс өөрөөр хэрэгжээгүй. Эрчим хүч, усны төсөлдөө заавал анхаарч ажиллаарай. Орон нутагт төсөв хөрөнгө алга. Бүгдийг нь хамаад авчих юм. Цогтцэций суманд ажлаа аваад очиж уулзаарай. Үнэхээр гамшиг байгаа шүү. Уул уурхайтай сумдууд сөнөж байна. Эргээд хуваарилалт байхгүй.
Нэр дэвшигч Г.Занданшатар: Бодит байдалтай танилцахын тулд тантай хамт очиж Цогтцэций суманд ажиллана аа. Дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж байхгүйгээс сум эзгүйрч буй нь үнэн. Эдийн засгийн бүтцийг зөв тодорхойлж, орон нутгийн онцлогт нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана. Уул уурхай, дэд бүтэцтэй уялдсан үйлдвэрлэл бий болгох, нэн тэргүүнд говийн усны төслийг би хэрэгжүүлэхийн төлөө явна аа. Говийн хөгжлийн бодлогын төлөө говийн гишүүдтэйгээ хамтарч ажиллах болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийг битгий оролдооч гэдгийг ахмадууд хэлж байна аа. Хуучин хэвээр олгохыг Монголбанкны удирдлагатай уулзахдаа тавилаа. Ахмадуудтай би жагсана шүү. Мөнгөний бодлого яаралтай хуралдаж асуудлаа шийдмээр байна.