Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжил” техникийн туслалцааны төсөл хэрэгжиж байна. Төслийн зорилго нь зах зээлийн загвар, тарифын аргачлалыг сайжруулах, үр ашигтай ажиллах зөвлөмж гаргах юм.
Төслийн хүрээнд ЭХЗХ-нд уулзалт сургалтын арга хэмжээг 5-р сарын 26-аас 6-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулж, АХБ-ны эрчим хүчний асуудал хариуцсан шинжээч Сэрик Жаркинбаев, зөвлөх Ирина Милорава, зөвлөх Николоз Сумбадзе, зөвлөх Гохан Тосун, төслийн ахлагч Ирма Кавтарадзе, төслийн зохицуулагч Э.Цэрэндолгор нар ирсэн.
Сургалтад ЭХЯ, ЭХЗХ, Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг, ДҮТ, ЦДҮС, УБЦТС ТӨХК -ийн холбогдох мэргэжилтнүүд, инженерүүд, дарга нар хамрагдлаа. Түүнчлэн УБЦТС ТӨХК-ийн байранд Дамжуулах, түгээх сүлжээг дижиталжуулах, түүнийн үйл ажиллагаа сэдэвт сургалтыг Төслийн багийн шугам сүлжээний эксперт Гохан Тосун явуулж, дээрх байгууллагуудын эрчим хүчний шугам сүлжээ хариуцсан инженер, техникийн ажилтнууд оролцлоо.
Эрчим хүчний салбарын зах зээлийг хөгжүүлэх тухай хэлэлцүүлгийн үеэр Гүрж улсын эрчим хүчний салбарын реформын туршлага дээр үндэслэн Монгол улсад тохирох загварыг зураглан санал болгосон юм. Мөн эрчим хүчний тариф тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, урамшуулалд суурилсан тарифын аргачлал, зохицуулалттай хөрөнгийн суурийг тооцох зэрэг аргачлалуудыг нэвтрүүлэх талаар өөрсдийн туршлагыг хуваалцаж, Монгол улсад нэвтрүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүллээ.
Энэхүү техникийн туслалцааны ажлын хүрээнд эцсийн зөвлөмж тайланг 2025 оны 09 дүгээр сард гаргахаар төлөвлөсөн. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил аргазүйн зөвлөгөөг дараагийн хоёр сарын туршид олгож, энэхүү техникийн туслалцааны төсөл нь арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.