ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 800 мянга хүртэлх орлогыг ХХОАТ-аас чөлөөлнө

O.Admin
1 өдрийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2019 онд орсон өөрчлөлтөөс хойш даруй таван жилийн дараа орж буй том өөрчлөлт гэдгийг онцлов.

Тэрбээр “1992 онд бид цоо шинэ татварын тогтолцоонд шилжиж байсан. 2004, 2019 онд том өөрчлөлт орсон бол одоо дөрөвдэх удаагаа өөрчлөх нь ээ. Засгийн газар, намын бүлгийн хүрээнд танилцуулга хийж, багц хуулийн өөрчлөлтөө өргөн барихаар боллоо. Энэхүү багц хуулийн төсөл өргөн баригдсанаар иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ. Бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжинэ. Татвар төлөгчид татвар, гаалийн байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, татвар төлөгчийг дэмжинэ.

УИХ-аас ажлын хэсэг гарч өөрчлөлтийг хийхэд хамтарч ажилласан. 13 мянган иргэний саналыг авлаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг тухайлсан уулзалтуудыг 150 гаруй удаа хийж, нээлттэй санал авсан. 176 мянган давхардсан саналаас нэгтгэлээ. Иргэдэд энэ шинэчлэл яаж очих вэ гэдэг талаар мэдээлэл өгье.

Бүх иргэдийн сарын 500 мянга хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянга хүртэлх худалдан авалтыг 50 хувь, түүнээс дээш бол 20 хувиар тооцон НӨАТ-аас чөлөөлнө. Ингэснээр нийт худалдан авалт хийж буй иргэдийн 51 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. 20 хувь нь 50 хувийн буцаан авалт, үлдсэн 27 хувь нь 20 хувийн буцаан авалт авах нь ээ.

Тухайлбал, иргэн 1.5 сая төгрөгийн худалдан авалт сард хийсэн гэхэд эхний 500 мянга нь 100 хувь, дараагийн 300 мянга нь 50 хувь чөлөөлөгдөнө. Таван ам бүлтэй айл 2.5 сая төгрөгийн худалдан авалтаа тав хуваахад л 100 хувь чөлөөлөгдөж байгаа юм.

Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 800 мянга хүртэлх орлого нь ХХОАТ-аас чөлөөлөгдөнө. Цалингийн системээр татвар төлж буй иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Сая төгрөгийн орлоготой хүн 800-д төлөхгүй, 200-д татвар төлнө. Хоёр сая төгрөгийн цалинтай иргэн ч адилхан эхний 800-д татвар төлөхгүй” гэлээ.

Бусад шинэчлэлийг онцолвол,

-Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчиж амьдрах, ногоон орон сууц барих иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ

- Аж ахуйн нэгжийн 25 хүртэлх хувиар татвар төлөх босго зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгож нэмэгдүүллээ. Аж ахуйн нэгж татвараас бултах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ жижиглэж, охин компани олноор байгуулж байсан алдааг залрууллаа.

-Ажилтнаа сургах, мэргэшүүлэх, ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасна

-Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасагдах эрхийг нээнэ

-Дотоод болон импортын НӨАТ төлөлтийг хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулна.

-Нэг хүртэлх хувиар татвар төлөх босго 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгож нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.

-Үндсэн хөрөнгийн худалдан авалт болон оршин суугч бус этгээдээс авсан худалдан авалтын НӨАТ-ын хасалтийг хийнэ.

-Аж ахуйн нэгжийн гадаадад хийсэн худалдан авалтыг хасна.

-Аж ахуйн нэгжийн гамшиг ослоос үүдэлтэй даатгалын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлж, албан журмын даатгалын хураамжийг хязгаарлалтгүйгээр хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.

-Гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ хэмээжээ. Мөн татвар төлөгч байгууллага иргэн, аж ахуйн нэгжид сургалт өгөх, хиймэл оюун ухаанд суурилан тасралтгүй ажиллах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос сэргийлэх зэргээр мэдээлэл өгөх зэрэг шинэчлэлүүд багтсан байна.