УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” уг тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Тогтоолын хүрээнд хятадын талтай хэлэлцэж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсныг Улсын Их хурал гуравдугаар сарын 27-нд баталсан юм. Уг хэлэлцээр болон хоёрдугаар сарын 15-нд байгуулсан хоёр талын ажлын хэсгийн хамтарсан уулзалтын протоколын дагуу Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Гашуун сухайт Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам барих гэрээний яриа хэлэлцээ идэвхтэй хийгдэж, эцэслэх шатандаа явж байгааг сайд танилцуулаад, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 14-нд төмөр замын төслийн шавыг тавихаар бэлтгэж байгаагаа мэдээллэв.
Хурлдаанаар сайд Ц.Туваан эхний гурван жилд жил тутам 5.0 сая тонн, дараагийн хоёр жилд жил тутам 6.0 сая тонн нүүрсийг Баруун, Зүүн Цанхиас олборлох бөгөөд хатуу коксжих, 1/3-ийн коксжих, эрчим хүчний нүүрс 55, 35, 10 гэсэн харьцаатай байна гэв. Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлсний үндсэн дээр 2030 оноос 11 жилийн хугацаанд жил тутам 20.0 сая тонн нүүрс өгөхөөр гэрээнд тусгаж байгаа бөгөөд энэ үед коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаа 70, 30 байна гэдгийг онцоллоо.