Нийслэлчүүд хийж бүтээх цаг хугацааныхаа дийлэнхийг автозамын түгжрэлд өнгөрүүлж, тэр хэрээр стресс бухимдалд автаж, эрүүл мэнд, цаг хугацаагаа алдаж байна. Нэг иргэн өдөрт хоёр цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэж тооцвол жилдээ 500 цаг гэсэн үг.
Энэ хугацааг хэмнэж чадсан бол 500 цагт хэл сурч, мэдлэгээ тэлж, цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлж чадах байлаа. Дэлхийн бүх хотуудад тулгардаг энэ бэрхшээлийг Монгол Улс л ганцаараа гарцаа олж чадахгүй явсаар 30 жил болгожээ. Гэтэл бидэнтэй ижил тэгш гараанаас гарсан Казахстан улс BRT, LRT болон метро барих ажлыг хот анх байгуулахдаа шийдсэн байгаа юм. Мөн дугуйн зам, явган хүний замыг бүрэн шийдсэнээр түгжрэлийн түгжээг тайлж чадсан гэдэг.
Гэтэл Улаанбаатар хотыг байгуулахдаа метро байгуулах боломжийг судлаагүй, дулааны шугам сүлжээг замбараагүй тавьчихсан хэрэг. Тусгай замын автобусны төслийг сонгууль болгоноор эхлүүлдэг ч үр дүн үзэхгүй орхисоор өнөөдрийн энэ бүх замбараагүй төлөвлөлт бий болсон хэрэг л дээ.
Тиймээс Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлт бүлэгт багтсан түгжрэлийг бууруулах шийдлийг энэ удаа тусгайлан нийтлэл болгон, эргэн сануулж байна. Учир нь нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, автозамын түгжрэл, хотын буруу төлөвлөлт эдийн засгийн маш том алуурчин болсон. Нэг жилийн алдагдсан өртөг нь гурван их наядаар хэмжигддэг. Түгжрэлээ шийдэж чадаагүйн улмаас насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь машин худалдан авсан гэсэн тоон мэдээ бий.
Нэг иргэн өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Алдагдсан боломжийн өртөг нь сүүлийн 10 жилд 11.2 их наяд. Тэр хэрээр гадагшаа доллар урсаж, иргэдийн цалин ахуй амьжиргаанд бус шатахуун, бусад зардалд үрэгддэг болов.
Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь Ерөнхий сайдын толгойгоо гашилгах сэдэв болоод байв. Өмнөх шиг тусгай замын автобус, метро гэсэн мөрөөдлөө ярьсаар суух уу, эсвэл бодит ажил хийх үү гэсэн салаа замын уулзварт ирэхдээ тэр ахиухан төсвөөр жинтэйхэн хөдлөх хувилбарыг сонгожээ. Ингээд Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй буюу 420 тэрбум төгрөгийг зөвхөн түгжрэлийг бууруулах үе шаттай ажил хийх зардалд төсөвлөж, түүхэн шийдвэр гаргаснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Автозамын түгжрэлийн асуудал хариуцсан сайд томилж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулсан. Нийслэлийн Засаг даргыг багаар нь энэ ажилд дайчилж, 2024 оны сүүл гэхэд түгжрэлийн асуудлаа бүрэн шийдсэн байх үүрэг даалгавар өгч билээ. Мэдээж энэ ажил сайны хажуугаар саар зүйлийг ч дагууллаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобус өнгөрөгч онд дуулиан шуугиан дагуулж, нэг бүрийн өртөг нь 400 тэрбумаар хэмжигдэж байсан автобус шинэ бус угсарсан байсан нь олны дуулианы сэдэв болж, Хотын дарга, Түгжрэлийн сайд хоёр нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл өнгөрсөн гурван жилийн гаруйн хугацаанд түгжрэлийг бүрэн шийдэхээр ямар ажлууд хийж байна вэ.
-Яармаг, I хорооллыг холбох Монголын хамгийн урт гүүрийн ажил эхэллээ. 2024 оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгөх бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай
-Нийтийн тээвэрт ойрын 20 жилд хийгдээгүй парк шинэчлэл хийлээ. 2023 онд 384 автобус шинэчлэхээр болж, эхний 200 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Мөн 856 автобус, троллейбус үйлчилгээнээс хасагдах учраас нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэхээр болов
-2023 онд үйлдвэрлэсэн шинэ саарал автобус 600 ширхэгийг худалдан авахаар болж, тендерийг ил тод зарласнаар 165 тэрбумаар бүх автобусыг худалдан авахаар болсон
-Метро барих шийдвэрийг шинэ оны өмнө Засгийн газраас гаргаж, 2024 онд ажлыг эхлүүлж, 2028 онд бүрэн ашиглалтад өгөхөөс гадна энэ оны эхээр ТЭЗҮ-г бэлэн болгох үүрэг өгсөн
-Тулгуурт гүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд барих ажлын ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн. 31 буудал бүхий 49.4 км урттай энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барихаар төлөвлөж буй
-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрогт 500 машины зогсоол шинээр барьж буй
-Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр зам шинээр байгуулах ажил эхэллээ. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлнэ-
-Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 88 километр Их тойруу хурдны зам барих ажлыг 2023 онд багтааж эхлүүлэхээр, төсвийг суулгасан бол 2024 оны төсөвт суулгасан.
-“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Дагаад явган хүний болон дугуйн замын шинэчлэлийн төслүүд ч хэрэгжиж эхлээд байна.
Үүнээс гадна түгжрэлийн асуудлыг шийдэх багц хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан бөгөөд автозогсоолын хүрэлцээ хангамж, замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын систем, торгуультай болон он хуучирсан үзлэгт тэнцээгүй машиныг хөдөлгөөнд оруулахаас зайлсхийх, хөдөө орон нутгийн автомашинуудыг хотод хоёр хоногоос дээш болсон бол татвар төлөх хатуу зохицуулалт хийх зэргээр хариуцлагын тогтолцоог бий болгох төлөвлөгөө ч УИХ, Засгийн газар, Нийслэлийн ИТХ-аар боловсруулж, хэлэлцэж эхлээд буй. Энэ мэт олон ажлыг зоригтой, эргэж хургахгүй хийснээр ойрын 5-10 жилдээ бид 30 жилийн толгойн өвчнөөс бүрэн ангижрах нь ээ.
Түгжрэлийн түгжээтэй ингэж л хатуу тэмцэхгүй бол Монгол Улс дараагийн 30 жилдээ тэр чигээрээ машины зогсоол болон хувирахад хүрээд байна. Тиймээс гашуун ч гэлээ ч алс ирээдүйд маань хэрэгтэй хатуу шийдвэрүүдийг зоригтой гаргаж, метро барих ажлаа ч улстөржилтгүйгээр явуулах нь Л.Оюун-Эрдэний багийнхны нэн тэргүүнд хийх ажил болоод байна.