Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ой өчигдөр тохиолоо. Зөвлөлт, Монголын ард түмний хамтын ялалтын түүхэн энэ ой бол ахмад дайчид, цэрэг эрсээрээ бахархаж, залуу үе, нийт ард түмнээрээ бахархан дурсах ёстой өдөр юм. Тиймдээ ч хоёр дайнд оролцож, ОХУ-ын ахан дүүстэй мөр зэрэгцэн Эх орны дайнд тулалдаж, тусгай үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчин, чөлөөнд буй хурандаа Ц.Алтангэрэлийг энэ удаагийн “Өдрийн хүн”-ээр онцлохыг хүслээ.
Ц.Алтангэрэл нь Эх орны дайны үед ОХУ-ын Москва хотноо суралцаж байсан түүхтэй. Улмаар, дайн эхэлсний дараа хичээлдээ суухын хажуугаар Улаан армийн сапёрын ангийн тусламжтайгаар танкийн саад босгож, хамгаалалтын нуувч ухдаг байжээ. Харин сургуулийнх нь 800 гаруй багш, оюутан фронтод явах үед фронт руу явах хүсэлт гаргасан ч гадаадын оюутан явуулахгүй гэсэн учраас сургуулиа орхин дайны талбарт очсон гэдэг.
Баруун фронтод тулалдаж явахдаа тагнуулын үүрэг гүйцэтгэж, бас шархадсан олон зуун цэргүүдэд цусаа өгч байсан гавьяатан. Монгол ахан дүүс эд материал, хүнс бараагаар туслахаас гадна амь биеэ ч үл хайрхан тулалдаж явсны тод жишээ болсон цөөхөн хэдхэн ахмад дайчдын нэг нь тэр юм.
Буурал дайчны тухайд Чөлөөлөх дайн буюу Халх голын дайнд мөн л оролцож, улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдаж, мөн тусгай даалгавар өвөртлөн алба хааж явсан түүхтэй. Ахмад дайчны тухайд ЦЕС-ийн Их бууны ангид тоо, физикийн багш, мөн “Улаан-Од” сонинд орчуулагчаар ажиллаж байсан аж. Эх орны дайны 60, 69, 70 жилийн ойд нь оролцсон өвгөн хурандаагаар өнөөдөр, маргааш, өнө хойчдоо ч бахархсаар байх биз ээ.