ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АШУҮИС багш нар сайддаа шаардлага хүргүүллээ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-27

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “АШУҮИС-ийн тогтвортой хөгжил багш ажилчдын түр хороо”-ноос Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Түр хорооны зүгээс тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлалгүй, хууль бусаар шинэ захирал томилсон, шинээр ирсэн захирал Ж.Цолмон өөрийн багийг бүрдүүлэх нэрийн дор удирдах түвшний боловсон хүчнийг халж, сольж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУС-ын сайд нарт  шаардлага хүргүүлж байгаа аж.

Тус шаардлагад дараах гурван зүйлийг шаарджээ. Нэгдүгээрт, Намын томилгоо гэх нэрээр хамт олны хүсэл сонирхлыг үл ойшоон төрийн нэрийг барьж, хүч түрэн танил тал, найз нөхдөө албан тушаалд томилсон энэ бусармаг үйлдлээ нэн даруй зогсоох. Хоёрдугаарт, Боловсролын байгууллагын хуулиар олгогдсон хараат бус академик эрх чөлөөг хангах, эрдэмтэн багш нар ажилтан ажилчид, оюутан залуусын хүсэлтийг хүндэтгэн үзэх. Гуравдугаарт, Энэ оны есдүгээр сард багтаан Их сургуулийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байхыг тус тус шаардсан байна. Мөн шаардлагын хариуг наймдугаар сарын 30-ны дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ирүүлэхийг шаарджээ. Хэвлэлийн хурлын дараа түр хорооныхон БСШУСЯ-ны үүдэнд жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ.