ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Парламентын “дарангуйлагч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-09

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүр­гэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэг өчигдөр жин­хэнэ утгаараа тэсрэлт хийв. Тодруулбал, 20 жил улсын нууцад байгаа нэрээр халхавчилж бай­сан Санжаасүрэнгийн Зориг агсны үхэлтэй хол­боотой олон нууц баримтуудыг энэхүү нэвт­рүүлгээрээ хөндөж гаргалаа. Тэр болгон хэвлэл мэ­дээллээр гарч байгаагүй, хууль хүчний бай­гууллагын хэдхэн хүний өмнө гаргаж байсан баримтуудыг ил тод болгох зориг ганцхан түүнээс л гарав. Олон нийт түүнийг дэмжиж, улстөрчид харин үхтлээ айж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд нь яарч сандран мэдэгдэл хийж, “Бидний ч мэдэхгүй баримтуудыг нэг сэтгүүлч хэвлэлээр ил гаргалаа” хэмээн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийлээ.

Хамгийн хөгтэй нь сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлгийн араас Хуульзүйн байнгын хороо хаалттай хуралдаж хөгөө хөлдөө чирэв. Тэд үнэн илрэх вий гэдгээс айж байгаа бололтой. Ямар ч үнээр хамаагүй С.Зориг агсны хэргийг нуухыг хүсч байжээ. Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд ажилладаг. Улирч сонгогдсон түүнд намынхан нь их л том ажил даалгасан аж. Уул нь Хуульзүйн байнгын хороонд өчнөөн хийх ажил, батлах учиртай зуу зуун хууль байхад нэг сэтгүүлчийн хийсэн нэвтрүүлгийн төлөө хурал зарлаж суугаадаа Ш.Раднаасэд та ичээч. Ш.Раднаасэдийн тухайд заримдаа тун ч болчимгүй үг амнаасаа унагадаг. Залуу улстөрч атлаа барьж хорь, цагд, шоронд хий гэх мэтээр дандаа дарангуйлсан өнгө аясаар ярьж байна хэмээн туршлагатай улстөрчид нь хүртэл түүнд үг дайж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа тэр намынхаа улстөрчдийн булхай луйврыг нуухын тулд байнгын хорооны хурлаа хүртэл хаалттай хуралдуулж, нэг сэтгүүлчийн нэвтрүүлгийн төлөө нууцаар хуралдав. Төрд үүнээс өөр хийх ажил байхгүй болчихсон хэрэг үү. Тэр тусмаа байнгын хорооны хурлаар сэтгүүлчийн өөрийн хоёр хөл, чадвар мэдлэгээр олсон баримтыг шүүдэг болтлоо арчаагүйтсэн нь эмгэнэлтэй биш гэж үү. УИХ-ын байнгын хороо хууль боловсруулдаг, хуулийг хэлэлцэх чиг үүрэгтэй. Харин хэн нэгний олсон баримт үнэн худлыг шүүх нь байнгын хорооны хийх ажил биш гэдгийг Ш.Раднаасэд танд сануулах нь илүүц биз. Төр гэм буруутайг шүүдэг шүүхийн байгууллага биш юм шүү. Тэр тусмаа сэтгүүлчийн олсон баримтын үнэн худлыг тунгааж суух нь улстөрчдийн хийх ажил хэрхэвч биш юм. Тэгж л их хүн шүүж, цагдан хорьж, шоронд хиймээр санагдаад байвал цагдаагийн байгууллагад ажилд ор.