Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 10-нд тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан.
Тус шийдвэр гарах үед захирал асан Г.Батбаатар эмнэлэгт хэвтэж байж таарчээ. Харин өнөөдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа “Ц.Цогзолмаа сайд хууль бус үндэслэлээр тушаал гаргасан ч төрт ёсоо хүндэтгэн ажлаа хүлээлгэн өглөө. Шүүх үнэн мөнийг тогтоох биз ээ. Дэмжин тусалж хамтдаа зүтгэсэн багийнхандаа, урам хайрлаж, хийж бүтээх хүчийг сэлбэж байсан хамт олондоо мөн гүтгэн гутааж хурцалж байсан зарим нэг хүмүүст ч баярлалаа. Бид хамтдаа үнэхээр ихийг бүтээж чадсан шүү. Даанч эхэлсэнээ дуусгах боломж өгсөнгүй дээ энэ ХҮН” хэмээн бичжээ.
Он гарснаас хойш түүнийг үүрэгт албанаас нь чөлөөлөх нь гэх мэдээлэл гарч байсан ч, тэрбээр Монголын хамгийн том Их сургуулийн эмнэлэг ашиглалтад ортол хугацаа өгөхийг хүсч байсан юм.