Монгол төрийн албан хаагчид, цэрэг цагдаагийн хүч ашиглан Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй барилга барьсан мөнгөтэй нэгэнд хүчээ үзүүлж чадсангүй. Хамгаалагч гэх нохойтой хэдхэн хүний өмнө тэд хүчин мөхөсдсөн юм. Төр ингэж л арчаагаа алджээ. Хамгийн инээдэмтэй нь тэрбумын хаус барьчихсан Б.Дайчинхүү гэгч нь төрийн шийдвэрийг биелүүлэхээр очсон албан хаагчдыг нохойгоор айлгаж хөөж явуулчихаад, ард нь тэднийг АТГ-т шалгуулна хэмээн мэдэгдэл хийв.
“Би ганцхан барилгаа нураалгахгүй, бүгд нураах ёстой. Авсан газар дээрээ юу барих нь миний дур” хэмээн даналзав. Монгол Улсын хууль шүүх, монгол төр ямархуу хэмжээнд хүрч сульдсаны тод жишээ энэ боллоо. Б.Дайчинхүүгийн тухайд хүн итгэх аргагүй зүйл ярьж суугаа. Тэрбээр, 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Үндэсний аялал жуулчлалын төвтэй жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний төв байгуулах шугамаар гэрээ байгуулжээ.
Гэвч төд удахгүй өнөөх үзвэр үйлчилгээний газрынх нь цэвэр бохир усны асуудлыг шийдэж чадаагүй учраас буцааж нураагаад таван давхар барилга барьчихсан гэх тайлбар хийж байх юм. Харин тэр үед төрийнхөн огтхон ч анхаараагүй атлаа, гурван тэрбумын газар аваагүйгээс үүдэж, өс хонзонгийн сэдлээр миний барилгыг нураахаар улайрч байна хэмээн ярилаа. Угтаа, хуулиас дээгүүр гишгэсэн Б.Дайчинхүү гэгч нь өөрийн газраа юу хүссэнээ барьж болно. Харин төр бол юу ч биш хэмээн мэдэгдэл хийж, төрийн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар хандав. Төр төмөр нүүрээ хэзээ ч харуулж чадахгүй хэмээн даналзах энэ эрхэмд монгол төр байдаг гэдгийг мэдрүүлэхсэн.