ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн хар хүн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-07

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрх дуусгавар болсон учраас Ерөнхийлөгч иргэдийн дунд санал асуулга явуулж АТГ-ын дарга болон дэд даргыг томилов. Тодруулбал, долоо хоногийн хугацаанд ЕТГ-ын цахим хуудсаар явуулсан санал асуулгад Эрхзүйч мэргэжилтэй Д.Даваа-Очир тэргүүлж, мөн л эрхзүйч мэргэжилтэй Ж.Батсайхан дэд даргын шалгуурт тэнцсэн юм.

Олон нийтийн санал асуулгаар тодруулсан санал хураалтын талаар сайн, муу олон янзын мэдээлэл явлаа. Нэг хэсэг нь бүх зүйлийг ард иргэдтэйгээ хамт шийдэж, иргэдээс асууж шийдэж байгаад талархалтай хандсан бол нөгөө хэсэг нь ҮАБЗ-ийн тэргүүн атлаа энэ албан тушаалд ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүнийг иргэдээс сонгосон нэрээр томилчихлоо гэх шүүмжлэл ч гарав. Гэвч, АТГ-ын дарга гэдэг заавал “од” байх албагүй. Хил дамнуулан хэн нэгнийг ачиж ирдэг үүрэгтэй байх ч албагүй. Хамгийн чухал нь төрийн албанд ажилласан, эрхзүйч мэргэжилтэй, улс төрийн намаас ангид байх шалгуурыг л хангах учиртай юм.

Д.Даваа-Очир ч энэ шалгуурыг хамгийн сайн хангаж байгаа. Төрийн албанд төдийгөөс өдийг хүртэл ажиллаж, зөвхөн эрхэлсэн ажлаа л нэр төртэй гүйцэтгэж байсан учраас түүнийг танихгүй байх нь аргагүй биз. Тэр од болох гэж яваагүй хэрэг. Д.Даваа-Очирын тухайд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг төгссөн бөгөөд, 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлжээ. 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан туршлагатай. Дандаа төрийн албаар дамжсан, нэг ёсондоо албан тушаалын шатны гишгүүр болгоныг нь хэн нэгний татаас дэмжлэггүйгээр бор зүрхээрээ дамжсан, төрийн хар хүн аж. Яг ийм л албан тушаалтан төрд хэрэгтэй хэмээн бид бичдэг, шүүмжилдэг.

Төрийн албанд нэг жил ч ажиллагаагүй атлаа албан тушаалын шатаар гэрлийн хурдаар өгсч байгаа хүмүүсийн дэргэд тэр ажлаа мэддэг гэсэн үг юм. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж. Хэн нэгнийг хорьдог, эсвэл албан тушаалаар айлган сүрдүүлдэг бол АТГ-ын дарга хийнэ гэсэн шалгуур байхгүй. Харин ажлаа мэддэг, асуудлыг хэн нэг улстөрч дохио зангаагаар шийдэхгүй, албан тушаалтны гар хөл болохгүй ажиллах нь л АТГ-ын даргын хийх ёстой ажил. Тэр ч энэ чиг шугамаас хазайхгүй нь тодорхой.