Үндэсний бөхийн дархан аварга, 20 дугаар зууны манлай бөх Х.Баянмөнх гэнэтхэн л тэмцэгчийн дүрээр гарч ирсэн. Бөхийн өргөө чухам ямар байгууллагын нэр дээр байгааг хайж. Допингийн хороог АТГ-т өгч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Р.Нямдоржийн багийнхны эсрэг ч зоригтой дуугараад авсан. Өвгөн аварга зоригтой дуугарч, зөвийн төлөө явж байна. Сүүлийн үед допингийн асуудал үнэхээр учир нь үл ойлгогдохуйц болсон. Бөхийн холбооны удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн хувийн өс хонзонгийн сэдэлтэй хийдэг гүтгэлэг гэж олон ч хүн үздэг. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Тэр битгий хэл Улсын арслан Х.Мөнхбаатар өөрийг нь унаж өгсөнгүй гэж допингийн хэрэгт хутгаж байна ч гэж мэдэгдсэн удаатай. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгох болсон.
Дархан аварга Х.Баянмөнх яг ийм зорилготой АТГ-т хандлаа гэж ойлгож болох байх. Тэрбээр АТГ-т хандсаны дараа “Наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэсэн хууль, журам бий. Гэтэл өнгөрсөн жилийн наадмын шөвгийн 16 бөхөөс допинг илрээгүй. Харин сүүлд гэнэтхэн барьж авч, шинжилгээ аваад, допинг илэрсэн гэж дайраад байна” хэмээн ярьсан. Бас бодох л асуудал. Бөхийн холбоог олон жил хувийн өмч шиг эзэмшиж байсан хүмүүс дуртай үедээ дүрэм гаргаад, юу ч хамаагүй хийж байсны илрэл энэ.
Одоо тэр эрх мэдлээ зарим нэг хүнээр дамжуулж хэрэгжүүлэхээр шүүхийн шийдвэрийг ч үл тоож байна. Энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй. Тиймээс Х.Баянмөнх аварга тэмцлээ үргэлжүүлэх хэрэгтэй. Харин энэ тэмцлээ жалга довны хэмжээнд хийж, Увсын хэдхэн бөхчүүдээ өмөөрч, улсын наадмыг бусниулахаар оролдвол буруу байх. Зөв зүйлийн төлөө дуугарч, нийт бөхчүүдийн сайн сайхны төлөө л тэмцээрэй. Монгол төрийн наадамд монгол бөх л түрүүлдэг. Түүнээс жалга довоор ялгаж, салгаж боломгүй байна. Тийм үзлийг ч дэвэргэх ёсгүй. Өвгөн аварга эрх биш үүнийгээ мэдэж байгаа байлгүй дээ.