Улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүдийн эмч, ажилтнууд долдугаар сарын 5-ны 08:00 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдлээ. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мягмар “Бид төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас хугацаагүй ажил хаялт зарлах нөхцөл бүрдээд байна.
Өчигдөр 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, 16 аймаг бүх ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр орой гэхэд нийт хичнээн эмч, сувилагч ажил хаялтад оролцох нэгдсэн тоо гарна” гэв.
Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн тусламж үйлчилгээ буюу яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл, төрөх зэрэг тасгууд хэвийн ажиллах бол амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгууд бүгд ажиллахгүй юм байна. Өнөөдрийн байдлаар ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд байгаа эмнэлгүүдэд
Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,
Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Арьсны өвчин судлалын үндэсний төв,
“Өргөө” амаржих газар,
“Хүрээ” амаржих газар,
“Амгалан” амаржих газар,
Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндсэний төв,
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв,
Хүүхдийн төв сувилал,
Түргэн тусламжийн төв,
Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэг,
Энэрэл эмнэлэг,
Наркологийн эмнэлэг,
Эмгэг судлалын үндэсний төв,
Геронтологийн төв,
Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад нэгдэнэ.
Харин орон нутгаас Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажиллагсад ажил хаялтад оролцох аж. Түүнээс гадна, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байгаа ажээ.