ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүйтэн сэтгэлтэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг хүйтэн сэтгэлтэн гэж хэлмээр санагдаад болдоггүй.  Сургуулийнх нь хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад, хаалганы хөндлөвчид дарагдаж амиа алдсаны дараа хэлсэн үг нь түүнийг ямархуу хүн бэ гэдгийг харууллаа. Хүүхэд нас барсан нь захирлын түмэн буруу гэж хэлэх гээгүй юм. Тэрбээр “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт сул байсан” хэмээн ярьсан нь амиа алдсан хүүхдийг буруутгасан өнгө аястай.  Хэн ч сургуулийн, тэр дундаа захирлын буруугаас боллоо гэж хэлээгүй, дайраагүй. Тийм байхад хамгийн түрүүнд өөрийгөө өмгөөлөх үгээ олж ядан хэлж, хүүгийн ар гэрийг доромжилж суух гэж. Ядаж уучлал гуйгаад, эмгэнэл илэрхийлэх сэтгэл түүнд байсангүй.  

“Үнэхээр харамсалтай зүйл боллоо, ар гэрийнхэнтэй нь одоохондоо уулзаж амжаагүй байна. Эмгэнэл илэрхийлье.  Эцэг, эхчүүд минь хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулъя” гэх зэргээр аятайхан санаагаа илэрхийлж болох байлаа.  Гэтэл аав нь архины хамааралтай, хараа хяналт сул учраас нас барчихлаа гэж хэлээд сууж байдаг. Яг үнэндээ хүү эцэг, эхийн хараа хяналт сулаас болоод нас барчихсан юм биш. Аюулгүй орчинд тоглох эрхээ л эдэлж чадсангүй.  Хөлбөмбөгийн талбайд байрлуулсан хаалганы хөндлөвч салж унадаг байсан юм билээ. Тэр талбайд тоглодог байсан хүүхдүүд энэ талаар олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьсан байсан. Яагаад сургуулийн захиргаа хөлбөмбөгийн хаалганы хөндлөвчийг гагнаад, засчихаж болоогүй юм. Энэ бол эцэг, эхийн хараа хяналттай огт холбоогүй. Сургуулийн захиргааны л хийх ажил.  Цаана чинь Японд газар хөдлөлтийн улмаас хашаа нурж, хүүхэд бэртсэний төлөө албан хүмүүс иргэдээсээ уучлал гуйж байна. Манайд сургуулийн захиргаа хөлбөмбөгийн талбайгаа тордож, засч, эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгаагүйн улмаас хүүхэд амь насаа алдчихаад байхад “Аав нь архины хамааралтай, хараа хяналт сул” гэж ярьж суух нь хүний ёсонд нийцэхгүй. Тиймээс хариуцлага хүлээлгэх ёстой.