ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн жүжигчин

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-19

“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн дэлгэцийн уран бүтээл болох “Солиот эх” уран сайхны кино тайзнаа гарсны дараахан МУГЖ И.Одончимэгийн талаар “Солиотой гавьяат” хэмээн бичиж байв. Тэр үнэхээр дэлгэцийн энэхүү уран бүтээлд өөрт оногдсон дүрээ “солиотой” амилуулж чадсан юм. Ямархуу өндөр төвшинд бэлтгэгдсэн жүжигчин бэ гэдгээ харуулж билээ. Цаг гаруй үргэлжилсэн кинонд нэг ч үг хэлэхгүй атлаа үзэгчдийг уярааж, огшоож, уйлуулж, бас инээлгэж чадсан хүн бол яах аргагүй “Алаг нүдэн” Одноогийн бүтээсэн дүр байсан юм. Тэгвэл “солиотой” гавьяатыг үнэлсэн тэр үнэлэмж худлаа байгаагүй юмсанж.

Учир нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон Олон улсын кино наадмаас гавьяат “Шилдэг эмэгтэй жүжигчин” гэх хүндтэй шагналыг өвөртлөөд иржээ. 12 орны 55 кино уран бүтээл нийт зургаан төрөлд нэр дэвшсэн олон улсын хүндтэй наадмын индэрт ийнхүү монгол бүсгүй нэрээ дуудуулсан бахархам үйл явдал болов. И.Одончимэг гавьяатын тоглосон энэхүү уран бүтээлийн эх нь Хятадын зохиол байсан. Гэвч тэр зохиолыг монгол ахуйд буулгаж, мөн монгол эхийн сэтгэлийг харуулж чадсан гэдэг л чухал. И.Одончимэг гавьяат дэлхийн энтэй жүжигчин гэдгээ үүгээр нотолж байх аж. Маргааш ч түүний амжилтууд ар араасаа нэмэгдэх биз ээ. Тэр үнэхээр “солиотой” жүжигчин юм байна. Илүү олон гайхалтай дүр бүтээж, үзэгчдээ ямагт баярлуулаарай, гавьяат аа.