“Seven Summit” буюу долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин эмэгтэй гавьяат тамирчин Б.Гангаамаа “К2” ууланд авирахаар өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Арван хэдхэн насандаа Очирваань хайрханы зулай дээр хөл тавьсан бяцхан охин сэтгэлээ нэг мөсөн уулын спортод өгчээ. Тэрбээр “Алтай таван богд хайрхан минь намайг уулчин болгосон” хэмээн гавьяат цолныхоо хүндэтгэлийг ууланд тэмдэглэсэн эгэлгүй даруухан бүсгүй юм.
Тэрбээр 2008 оноос эхлээд “К2” ууланд авирахаар мөрөөдөж эхэлсэн тухай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. “Монгол хүн энэ ууланд гараагүй учир дэлхийн түүхийг бид бичилцэх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьсан” учир бүтээгээд ирэхээ амласан юм. 2013 онд тус уулын оргилыг эзлэх оролдлого хийсэн ч олон уулчин амь эрсэдсэн тул аргагүйн эрхэнд буцсан.
“Монголын Уулчдын Үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Баянцагаан, “К2 ууланд авирахаар зорино гэдэг уулчнаас маш их эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа шаарддаг. Эмэгтэй хүнээс ийм том зориг гарна гэдэг гайхалтай. Б.Гангаамаадаа зорилгодоо хүрээд эх орондоо эсэн мэнд ирээрэй хэмээн хүсэн ерөөе” гэж төрийн далбаагаа гардуулсан билээ.
1989 оноос өнөөдрийг хүртэл их спортод сэтгэл зүрхээрээ зүтгэн Тив дэлхийд үнэлэгдэх амжилтыг бүтээж, цуцалтгүй хөдөлмөрлөсөн түүний өндрийн хязгаар өөд тэмүүлсэн гэгээн хүслийг хүндэтгэн сайн явж “алуурчин” хэмээх тодотголтой “К2” уулын оргилд төрийн далбаагаа намируулаад ирэхийг тэсэн ядан хүлээж байна.