Японы мэргэжлийн сүмог саяхан л эзэгнэж явсан Асашёорюү Д.Дагвадорж аварга хийсэн үйлдэл, хэлсэн бүг бүрээрээ олны анхаарлыг татдаг. Тэгвэл өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, гар барьж байгаа зургаа оруулж, “Протокол зөрчсөн сайхан уулзалт боллоо.
Миний хийж чадах зүйл бол эх орноо зөв сурталчлах, нэмэх оноо авах юм” хэмээн бичжээ. Тэр яах аргагүй л дэлхийн хүн юм. Мэргэжлийн сүмог эзэгнэж явах үед дэлхий нийтээрээ үзэж, бахархаж байсан нь тодорхой. Тиймдээ ч дэлхийн том орны удирдагчид, алдартнууд Аса аваргыг хүндэтгэдэг нь олон зүйлээс харагдлаа. Хятадын дарга Ши Жиньпин албан ёсны уулзалтаас гадуур хэн нэгэнтэй уулзаад, гар бариад, халуун дотно яриа өрнүүлнэ гэдэг тэр болгон тохиолдохгүй үйл явдал. Харин Аса тэгж чадлаа. Энэ бол хоёр орны хоорондын харилцаа, хамтарч ажиллахаар ярилцаж буй олон ажилд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Эх орноо зөвөөр сурталчилж, нэмэх оноо авч чадсан нь ойлгомжтой юм.
Өмнө нь ч бас Аса аварга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хувиараа дотночлон уулзаж, нэмэх оноо авч, шийдвэрт нөлөөлж байлаа. Зарим үед албан ёсны айлчлал, санал солилцох, зээл тусламж гуйхын хажуугаар албан бус, найрсаг сайхан уулзалт зорьсон зорилгод илүүтэй нөлөөлөх нь бий. Тэр ч утгаараа Аса аваргын Ши Жиньпинтэй уулзсан уулзалт бусад албаны ажилд сайнаар нөлөөлсөн ч байх. Тэгээд ч Хятадын дарга “Асагийн барилдааныг үздэг байсан” хэмээн найрсгаар хэлж, халуун дотно ярьсан нь түүний нөлөө ямар ихийг баталж чадлаа. Д.Дагвадорж аварга яах аргагүй дэлхийн хүн юм.