ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь гянданд хорих хуулийн төсөл өргөн барина

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй эмэгтэй гишүүд хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих шаардлагатай хэмээн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Д.Оюунхорол гишүүн хэлэхдээ “Нялх балчир хүүхдийг хүчирхийлж, адгууснаас долоон дор аашилж байгаа эрчүүдийн авир, аашийг олон удаа ярьж байгаа хэдий ч тодорхой шийдвэр гаралгүй өнөөдрийг хүрлээ. Хүүхэд хамгаалах талаар олон хууль гарсан хэдий ч ялын бодлого учир дутагдалтай байна. Эмэгтэй гишүүдийн зөвлөл бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд тооцдог ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төсөл боловсруулж байгаа юм.  Ийм хэрэг үйлдсэн хүмүүсийг гянданд хорих шаардлагатай гэж бид үзэж байгаа. Тиймээс хуульд ийм заалтыг оруулж, чанга дэглэмтэй хорих ангид, бүх насаар нь хорих хуулийн төсөл боловсруулж байна.

Хүчингийн хэрэг хийсэн хүмүүс өршөөлийн хуулиар маш олноороо чөлөөлөгддөг. Хүчингийн хэргийг өршөөлийн хуульд хамруулдаггүй байх заалтыг оруулахаар ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ хүрээнд хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа  байна. Тиймээс гэр бүлийн тухай хуулийг чангаруулж, хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхэд тооцох хариуцлагыг чангаруулах шаарлдага байна. Мөн хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй байна. Хүүхдээ тэжээхээс татгалзсан хүнд эрүүгийн хэрэг тооцдог байсан заалтыг сэргээх шаардлагатай. Гэр бүл цуцлагдаж байгаа шүүхийн шийдвэрүүдийн 80 хувь нь хэрэгждэггүй.

Өрх толгойлсон ээжүүдийн нөхцөл байдал хүнд байна. Хүүхдээ өсгөх сургууль, цэцэрлэг олдохгүй байна. Хүүхдээ тэжээх үүрэг зөвхөн ээжид ногдоод байгаа учраас үүргээс зугатаж, гэр бүлээ буруу төлөвлөсөн аавтай хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэдэг болох шаардлагатай” хэмээн мэдээллээ.