Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд Нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төслийг Засгийн газарт оруулж ирэхээс гадна Цахим мөрийтэй тоглоомыг хориглох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийн хэрэгжилтийг хангах, олон нийтийг мэдээллээр хангах үүрэг өгчээ. Тэрбээр, "Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хориглох хууль батлагдсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болчихсон шүү дээ.
Гэтэл хүүхэд, залуус VPN ашиглаад тоглосон хэвээр байна. Хууль батлагдсаны дараа APP, PLAY STORE гээд бүх төрлийн апп-аар татаж болохгүй байсан. Энэ хэвээр тоглоод, сурталчлаад байвал эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг нийгэм, олон нийтэд зөв ойлгуулъя. Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлаа хууль хяналтын байгууллагууд хийе. Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах асуудлыг мөн хуулийн хүрээнд шалгахыг Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд даалгаж байна" гэсэн байна.
Түүнчлэн, "Эдийн засгийн дөрвөн чөлөөлөлтийн нэг нь авлигын эсрэг чөлөөлөлт. “Trancparency International” гурван зүйлийг шаардаж байна.
-Авлигатай тэмцэх эрмэлзэл иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн зүгээс байх
-Ял завших байдал ихэсч буйг анхаарах
-Хэд, хэдэн хуулийг батла гэдэг шаардлага.
Миний хувьд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ч тухайн үед Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг батлах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Одоогийн Эрүүгийн хуулиар авлигын хөрөнгийг хураах эрхзүйн орчин хангалттай биш гэж иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд зөвлөж байгаа. Үндсэн ялын хажуугаар хөрөнгө хураахыг албадлагын арга хэмжээ байдлаар хэрэглэж байгааг зогсоох ёстой. Эрхзүйн шинэчлэлийг хийе. Бусад хуультай уялдуулан Нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлэх үүргийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад өгч байна" хэмээсэн аж.
