Нэрт сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгсөж, улс даяараа эмгэнэн гашуудаж байна. “Дууны шүлгийн хаан” гэгддэг эрхэм найрагч олон жил элэгний хорт хавдартай тэмцэж, олон мянган монголчуудын тус дэмээр Герман улсад хагалгаанд ороод ирсэн ч жил гаруйн дараа ийнхүү хүнд өвчинд эрхгүй дийлдлээ. Монголын утга зохиолын нэгэн тод дүр байсан эрхэм хүмүүний араас Монгол Улсын Соёлын яам албан ёсны фэйсбүүк хуудсандаа гаргасан эмгэнэл нь өчигдөр нийгмийн сүлжээнд тарж, эмгэнэл нь өөрөө “эмгэнэл” болон хувирах нь тэр.
Учир нь тус эмгэнэлд найрагчийн аавын нэрийг буруу бичихээс гадна яруу найрагч О.Дашбалбар агсаны “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”, “Тэнгэр шиг бай”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсаны “Ижийтэйгээ байхад би баян байсан” зэрэг бүтээлүүдийг Ш.Гүрбазар агсаны бүтээл мэтээр оруулсан байсан нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнөх сэдэв болж, олон хүн дургүйцлээ илэрхийлэв. Монголчуудыг соён гэгээрүүлж, соёлын мэдлэг өвийг түгээж байх учиртай Соёлын яамны хэвлэлийн ажилтан, цаашлаад сайд, дарга нар нь ямархуу хүйтэн сэтгэлтэй, мэдлэггүй, мэдрэмжгүй хүмүүс байдгийг нотолсон энэхүү жишээ дэндүү харамсалтай байлаа. Ерөөс төрийн бүх шатанд хүйтэн сэтгэлтэй, хүнийг хайрлаж энэрдэггүй, нэмээд мэдлэг боловсрол дулимаг, төрийн албанд хоноцын сэтгэлээр ханддаг хүмүүс олширсны нотолгоо нь энэ боллоо. Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын бага ч атугай мэдлэг олсон хэн ч нэрт найрагч О.Дашбалбар агсаны
“Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла” гэх мөрийг цээжилчихсэн байдаг. Гэтэл уран зохиолын ийм энгийн мэдлэг ч байхгүй хэвлэлийн ажилтан тэнд суугаад яруу найрагчийн тухай эмгэнэж суусан гэхээр дэндүү харамсалтай. Нөгөөтээгүүр, энэхүү эмгэнэлийг сэтгүүлч бичсэн гэхээс илүүтэй ChatGPT-гээр бичүүлсэн байх магадлалтай хэмээн олон нийт дүгнэж байна. Бичлэгийн хэв маяг, олон найрагчийн бүтээлийг андуурч эндүүрснээс харвал шууд ChatGPT-гээс хуулсан бололтой юм. Хамгийн гунигтай нь сэтгүүлч түүнийг шууд хуулж нийтлэхдээ мэдээлэл зөв байна уу гэдгийг эргүүлж нэг харах, ядахдаа “Гүүгл” сөхөж хараад нэр овгийг нь тулгах ч сэтгэлгүй байсан нь олны эгдүүцлийг төрүүлж байгаа билээ.
Төрийн албанд цахим хэрэглээг нэвтрүүлэх ёстой, хүний оролцоог багасгах ёстой гэдэг ч цахим хөгжил ямар сул талтай, сүүлийн үед ажилд орж буй залуус ажлаа ChatGPT-гээр хийлгэчихээд сууж байдаг, төрийн албанд таны, миний татварын мөнгөөр энэ мэт чадваргүй хүмүүс албан тушаал бөглөөд сууж буйг харуулсан үйлдэл болж байна. Төр хэдий цахимжиж, дэлхий дахинтай хөл зэрэгцэн алхах ёстой ч төрийн албан бичиг хэрэг, албан ёсны мэдээллүүдийг хиймэл оюунаар ашиглаж, шууд ашиглах ямар хортой болохыг, цахим хөгжил төгс биш болохыг бас харууллаа.
Тиймээс цааш цаашдаа юунд хиймэл оюун ашиглах юм, юуг хүний оролцоо, сэтгэлээр хийх юм гэдгээ ялгаж салгаж, төрд ядахдаа наад захын бакалаврын мэдлэгтэй, таван үг холбоод биччихдэг хүмүүсийг ар өврийн хаалгаар бус ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтаар авч ажиллуулах ёстойг энэ үйл явдал сануулав. Сайд, дарга нарын цүнх баригч бус чадвартай, чадалтай сэтгүүлч хэрвээ тэнд ажиллаж байсан бол улс даяараа эмгэнэн гашуудсан ийм цаг үед найрагчийн тухай таван үг хэлхээд тасхийсэн чамбай эмгэнэл нийтэлчих байсан нь үнэн.
Тиймээс сэтгүүлч мэргэжлээр долоон жил суралцсан гэх намтартай, дүүргийн хорооны Засаг даргын сэтэр зүүж явсан И.Сарангэрэл гэгчдээ хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө үү, Ж.Алдаржавхлан сайд аа. Өөрөө ч талийгаачийн үр хүүхэд, хань ижил, дотны бүхнээс нь уучлалт гуйж, шаардлагатай бол албан тушаалаасаа ч огцрох ёстой шүү. Төрийн сайд хүн иргэдээ “улны” гэж доромжлоод ажлаа өгсөн жишээ манайд бий. Тэгвэл Монголын нэгэн сод найрагч, эрхэм хүмүүнийг тэнгэрийн орондоо залрах гунигтай өдөр нь доромжилж, бүтээлийг нь байтугай, эцгийнх нь нэрийг хүртэл буруу бичсэн гутамшигтай үйлдэлдээ та уучлалт гуйж, Соёлын яамны сайдын ажлаа хүлээлгэн өгөх нь зөв болов уу.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
