ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МНН-ын даргаар УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогджээ

O.Admin
1 цагийн өмнө

Үндэсний Эвсэлийг бүрдүүлэгч Монголын ногоон нам “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөртэйгээр 2024 оны сонгуульд оролцсон. Үндэсний Эвсэл нь 2024 оны нэгдүгээр сард Монголын ногоон нам, Монгол ардчилсан үндэсний намын нэгдэл болж Н.Номтойбаярыг тэргүүнээр томилж байсан.

2026 оны гуравдугаар сарын 31-нд Монголын ногоон намын ээлжит бус их хурал зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталлаа. Мөн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонголоо. Монголын ногоон нам нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Дэлхий дахинаа эдийн засаг, технологийн ногоон шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед Монголын ногоон намыг физикийн ухааны доктор, эрдэмтэн эмэгтэй тэргүүлэх болж байгаа нь онцлог.

Монгол Улсад тэр дундаа Улаанбаатар хотод байгаль орчин, нийгэм, соёлын онцлогийг харгалзсан орчин үеийн ногоон хот төлөвлөлт ч шаардлагатай болсон. Агаар, хөрсний бохирдолтой тэмцэх, эрүүл цэвэр хот суурингийн хөгжилд нэн чухал цаг үед УИХ-ын гишүүн А.Ундраагийн Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлага хэрэг болох нь дамжиггүй. Түүнчлэн энэ жил “COP17” бага хурал Монгол Улсад зохион байгуулагдах чухал цаг үе. Монголын Ногоон Намын зүгээс энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусад улс орны парламентын төлөөллүүдтэй харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

А.Ундраа гишүүн УИХ-д хоёр дахиа сонгогдсон улс төрчийн хувьд боловсрол, шинжлэх ухааны бодлогод анхаарал хандуулж чанартай, хүртээмжтэй боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлийг эрхэмлэдэг. Математик, физик, хими, биологийг чиглэлээр их дээд сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгон залуучуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний Эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг зогсоож, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, бодлогын реформ хийхээр эрмэлзэж ирсэн.

Эвслийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд Монголын ногоон намын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан баян чинээлэг амьдрах бодлого боловсруулахыг эрхэм болгосон байр суурийг бататгав хэмээн МНН-аас мэдэгдлээ.