УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг өчигдөр ажлаа тараад гэртээ харьж байх үед 40 орчим насны үл таних этгээд биед нь халджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ийм дуудлага ирсэн нь үнэн гэсэн билээ.
Тэгвэл УИх-ын гишүүн Г.Ганбаатар хэлэхдээ “УИХ-ын гишүүнийг зодлоо гэх мэтээр мэдээлэл гараад байхаар хэцүү юм.
Яах вэ өчигдөр тийм явдал болсон нь үнэн. Өчигдөр 23.00 цагийн үед нэлээд оройхон харьсан. Манай хотхоны харуул үүдэндээ байхгүй байсан учраас жолоочоос хотхоны гаднах үүднээс буцаагаад байр луугаа орсон. Орцны үүдэнд нэг залуу зөрсөн. Утсаар ярьж байтал зөрөхдөө шууд өөдөөс цохисон. Цээжин тус газар цохисон л доо. Би туниа муутай хүн биш шүү дээ.
Биеэ хамгаалаад тэр хүнтэй барьцалдаж авсан. Хотхоны хоёр залуу биднийг хараад салгах гэж ирээд цагдаад дуудсан юм билээ. Хоёр машинтай бие бүрэлдэхүүн ирээд нэг хэсэг нь тэр хүнийг хайж, нөгөө хэсэг нь надаас байцаалт авсан. Би хүн андуурсан юм болов уу гээд “Чи яагаад байна аа аа” гэтэл шууд өөдөөс “Чи зүгээр байгаарай” гэж хэлсэн. Би айхтар зодуулчихгүй биеэ хамгаалаад өнгөрсөн. 40 орчим насны нэлээд том биетэй залуу байна лээ. Би улс төрийн зорилготой гэж хэлэхгүй. Цагдаагийн байгууллага тухайн залууг олсон учраас шалгаж тогтоох байх. Намайг заавал нүүр тулж уулзах шаардлагагүй, бид өөрсдөө шалгаж тогтооно гэсэн” хэмээлээ.
