Залуучуудын “Старт ап улсын уралдаан-2023”–ны үндэсний ялагч тодорлоо. Тухайлбал, улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч, илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Старт ап” уралдааны орон нутаг болон улсын хэмжээнд гурав дахь жилдээ болж байна.
Улсын уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, SMS, Startup Mongolia, West method зэрэг газрууд хамтран зохион байгуулсан ажээ.
Энэ жилийн уралдаанд нийт 209 багийн 400 орчим залуус бүртгүүлж, оролцсоноос үндэсний ялагч тодруулах үйл ажиллагаанд 15 баг финалын шатанд үлдэж, төслөө өнөөдөр танилцуулав. Финалын шатны шүүгчээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Санхүү эдийн засгийн сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа эрхэлсэн проректор доктор, профессор Г.Батхуяг, “UB CAB” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, “Niito COO, Startup Mongolia Board”-ын гишүүн З.Уянга нар финалын шатны шүүгчээр ажиллаж үндэсний аваргуудыг тодруулсан байна.
Уралдааны үр дүн:
Гуравдугаар байр 3 тодорч тус бүр 15,000,000 төгрөгийн санхүүжилтийн эрх авлаа:
-Oneday JOB - Ажилтан шаардлагатай байгууллага болон ажил хайгч хоорондыг платформоор дамжуулан холбох хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем.
-Хөөрхөн Эрдэнэт баг - Цаасны хог хаягдлаар хийсэн эко шахмал түлш
-HybOrg баг - Биет болон виртуал хувцасны хосолсон хэрэглээ борлуулалтыг хангасан платформ
Хоёрдугаар байр 2 тодорч тус бүр 17,000,000 төгрөгийн санхүүжилтийн эрх авлаа:
-Eco pass баг - Нэг удаагийн гарын саван болгон ашиглах боломжтой мандат болон тараах материал.
-AVR Plus баг - Хиймэл оюун ухаанд суурилсан Виртуал дохионы хэлмэрч
Тэргүүн байранд:
-Металанд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч 20,000,000 төгрөгийн санхүүжилтийн эрхийг гардлаа.