Т.Ариунаа: Хүн болгон энэ өдөр өөр, өөрийнхөөрөө асаасай

O.Admin
12 цагийн өмнө

МУГЖ Төмөрийн Ариунаа урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойг сонсогч, фэнүүдтэйгээ тэмдэглэхээр болж, бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэл хангасны үр дүнд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зүрх асна” тоглолтоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Тэгвэл дуучин Т.Ариунаа өнөөдөр тоглолтын талаарх хэвлэлийн хурлаа хийж, үзэгч фэнүүдэдээ зориулсан тоглолтын зарим бэлгээсээ хуваалцлаа. Түүний тоглолтод уран бүтээлийнх нь шигшмэл гэж хэлж болох 33 дуу дуулагдах бөгөөд шинэ залуу уран бүтээлчидтэй хамтарч шинэчлэн сэргээсэн дуунуудаа сонгож авчээ. Мөн урилгаар олон залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө гэдгийг тодотголоо.

Гавьяат Т.Ариунаа хэлэхдээ “Бидний “Зүрх асна” төслийн ажил дээр сэтгүүлчид та бүхэн маань хамтран ажилласанд баярлалаа. Маргааш буюу наймдугаар сарын 23-нд 15.00 цагаас хаалга нээгдэж, ирж буй үзэгчдийнхээ зүрхний галыг асаахад бэлэн боллоо. Та бүхэндээ хамгийн хит болсон, хамгийн сайхан дуунуудаа хүргэх болно.

Та нар маань харин хамтдаа асаарай. Хүн болгон энэ өдөр асаасай. Асна гэдэг үг маань өөрөө Монголд нөлөөллийг хийж байгаа нь ямар гайхалтай вэ. Үгийг зөв сонгож, ашиглаж чадвал ямар гайхалтай өөрчлөлт авчирдаг гэдгийг харлаа.

Миний уран бүтээлийг дөрвөн сар судалж байгаад “Зүрх асна” гэдэг үгийг олж өгсөн. 33 шилдэг дуугаа дуулна. Та бүхэн миний төлөө залбираарай. 40 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд асар их хичээл зүтгэл, уналт босолт дунд уран бүтээл хийж ирлээ. 40 жилийн хугацаанд үнэ цэнийг би рок поп хийгээд дууны урлагт бүтээж үлдээсэн байна. Энэ маань цаашаа түүчээлж, өртөөлөгдөөд, сахилга баттайгаар явах байх аа. Би залуустайгаа хамтарч ажиллахыг маш их хүсэж байсан. Энэ тоглолтоороо залуустайгаа хамтарч ажиллалаа. Залуус маань үнэхээр хөдөлмөрч болжээ. Шинэ үеийн залуусаас суралцсан, харилцан нэгэндээ туршлагаа хуваалцсан, заримдаа ээж, эгч, найз, дүү болж хамтдаа асаж ажилласан. Гэхдээ дандаа эерэг зүйлээр асаж ажилласан юм шүү.

Монгол гэсэн уур амьсгалыг ханхлуулсан уран бүтээлийг дагнаж гаргах юмсан гэсэн мөрөөдөл байгаа. Этник урсгалаар монгол ахуйг үнэртүүлсэн бүтээлээр тун удахгүй цомог гаргахаар тоглолтын дараа ажиллаж эхэлнэ. Уран бүтээлч залуус маань өөрийн гэсэн урын сантай, маш хөдөлмөрч уран бүтээлчид байгаасай гэж ерөөж байна.

Залуустайгаа хамтарсан уран бүтээлүүд маань тийм гайхалтай амжилт авчирна гэж төсөөлөөгүй. Гэхдээ би шинэ үетэйгээ хамт алхаж, шинэ үеэ мэдэрч явахсан гэдэг алсын хараатай яваа учраас залуустайгаа суралцаж, харилцан сурч явах болно. Дэлхийн өнцөг булан хийгээд 21 аймгаас намайг зорьж ирж байгаагаа хэлж байна. Асаая гэдэг үг ямар их нөлөөлөө вэ. Та нартаа баярлалаа. Монгол түмэн хийгээд үнэнч фэнүүд та нартаа баярлалаа” гэлээ.

Түүний тоглолтын Ерөнхий найруулагч, зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Skin”  энтертайнментын найруулагч Б.Анар “Бид “Зүрх асна” тоглолтыг арваннэгдүгээр сараас бэлтгэж эхэлсэн. 7-8 сарын хугацаанд тоглолтын бэлтгэл дээр ажиллалаа.

Тоглолтоороо хийхийг хүссэн бүх зүйл маань маргааш биелэх нь ээ. 33 дуу дуулах ёстой учраас 33-ууланг нь зөвхөн энэ тоглолтод зориулан шинэчлэн найрууллаа. Хувцас хэрэглэлийг ч гэсэн шинэчиллээ. Та бүхнийг бүхэлд нь гайхшруулах байх аа. Зургаан сар та бүхэнтэй байхын тулд Т.Ариунаа эгч маань тасралтгүй бэлтгэлтэй байлаа” гэв.

Түүний уран бүтээлийн хамтрагч, нийт уран бүтээлийнх нь 80 гаруй дуунд хамтран ажилласан Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав “Ийм олон хэвлэл мэдээлэл ирнэ гэдэг бол Т.Ариунаагаа яаж хүндэлдэг вэ гэдгийг харуулсан үйл явдал болж байна. Газрын зургаар харвал Улаанбаатарын хамгийн зүрхэн хэсэгт Төв цэнгэлдэх хүрээлэн байрладаг.

Тэгэхээр маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын зүрх Т.Ариунаа хийгээд түүний фэнүүдийн хамтаар асах нь ээ. Т.Ариунаа 40 жил цагийг эзэлж дуулсан сайн гавьяат. Би түүнийг орчин үеийн хөгжмийн урлагт туйлсын хэлбэрийг оруулж ирэхэд хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Этник, ардын гэх мэтээр олон төрөл жанраар бүтээлээ туурвисан.

Тэр дуучнаас гадна өв соёлыг тээгч гэж хэлэх дуртай. Асар том сурган хүмүүжүүлэгч. Өөрт сурсан мэдсэнээ залууст өвлүүлэхдээ харамгүй өгдөг. Өнөөдрийн энэхүү тоглолтод залуус орж ирж дуулж, хамтдаа дуулж байгаа нь үнэхээр бишрэм. Дуулах ур чадварын хичээлийг залууст зааж, шоу тоглолтын шүүгчээр ажиллаж явна гэдэг бол тэр бол сурган хүмүүжүүлэгч гэдгийг нотолж буй юм. Дэлхийн монголчуудын зүрх ч маргааш асах нь ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Харин түүний 10 гаруй бүтээлд хамтран ажилласан, уран бүтээлийн анд, ах нь болох “Харанга” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Ц.Чулуунбат Т.Ариунаа гавьяатын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Т.Ариунаа өнөөдөр л ассан юм биш. Тэр 16 наснаасаа асаж эхэлсэн. Дүрэлзсээр байгаад л өнөөдөр амьдралынхаа хамгийн том тоглолтыг хийх гэж байна.

Энэ зөвхөн Т.Ариунаагийн урлагт явсан 40 жил биш юм. Орчин үеийн хөгжмийн урлагийн нэг шинэ түүхийг тэр бичсэн, одоо ч бичсээр байна. Цөөхөн эмэгтэй лидер дуучдын нэг бол тэр. Энэ урт хугацаанд зөндөө зүйл байсан. Уйлсан, унасан, бүдэрсэн, дахиад боссон. Тэр урт замыг шантралгүй туулж ирснээрээ олон зуун монголчууд, тэр дундаа монгол туургатнуудад түүний дуу хүрчээ.

Хүн бүхний зүрх тэнд асаж, аялгуу эгшгээр асгарна. Бид маргааш хамтдаа нэг том түүхийн гэрч болох нь ээ. Орчин үеийн хөгжмийн урлагт оруулсан түүний хувь нэмэр, нэгэн шинэ үеийн эхлэлийг маргааш тавих нь ээ. Дуу хуураараа асаж, асгарч байгаарай, миний дүү” гэсэн юм.

Тэгвэл “Mxrningstar” хамтлагийн дуучин Б.Аззаяатай хамтарсан “Чамтай бас чамгүй” уран бүтээлийн хөгжмийн продюссер, мөн түүний тоглолтын төгсгөл хэсгийг продюссераар ажиллаж буй МУГЗ, Төгөлдөр хуурч Б.Чинбат “"Чамтай бас чамгүй" уран бүтээлд би өөрөө хайртай. Хүчтэй, тэсрэлттэй бүтээл учраас Азаа болон Ариунаагийн гал, эрч хүч энэ бүтээл дээр нэгдэх нь ээ гэж харсан. Тэр мэдрэмж маань ч буруу байсангүй. 

Маш богино хугацаанд хит болж, энэ дуу түглээ. Манлай ахыгаа би дурсахыг хүсэж байна. "Амалсан хайр" гэж гайхамшигтай гоё дууг Т.Ариунаа эгчид өгч байсан. Монголын зүрхэнд байгаа энэ газарт маргааш Т.Ариунаагийн зүрх асах нь ээ. Гайхамшигтай урын сан бүрдүүлсэн дуучин гэж хэлнэ. Энэ хүнтэй нэг цаг үед хамт байж, уран бүтээл хийж, уран бүтээлч залуустай цаг ямагт сэтгэл зүрхээ нэгтгэж байдаг ховор уран бүтээлч гэдгийг л хэлье” хэмээсэн юм.