ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлжээ

O.Admin
2024-05-06

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа. Уг судалгааг 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг 181 үзүүлэлтийн дагуу цогц байдлаар судалж, хооронд нь харьцуулан гаргадаг байна. 

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн байна. 2012 оноос эхлэн уг судалгаас хийснээс хойш 2020 он хүртэл аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр тэргүүлж байсан Орхон аймаг энэ удаад дахин тэргүүлжээ. Харин сүүлийн хоёр жил ерөнхий үнэлгээгээр нэгдүгээрт бичигдэж байсан Дорноговь аймгийн хувьд нэг байр ухарч, хоёрдугаарт оржээ. Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд эрэмбийн өөрчлөлтгүй буюу 3-5 дугаар байранд тус тус орсон. Дархан-Уул аймаг эрэмбэд нь өөрчлөлт байхгүй ч өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 9 оноогоор өссөн гэв. 

Өнгөрсөн жилээс эхлэн уг судалгаанд "Орон нутгийн төсвийн ил тод байдлын үнэлгээ"-г нэмж, аймгуудыг таван шалгуурын дагуу үнэлж байна. Энэ жилийн хувьд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгууд төсвийн ил тод байдлаар тэргүүлсэн буюу төсвийн мэдээлэл хамгийн нээлттэй аймгуудаар тодорсон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми "12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан аймгуудыг дурдвал Булган, Өмнөговь зэрэг аймаг байна. Аймгуудын өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил том хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж харж байна. Нийт аймгийн хувьд эдийн засгаа сэргээхэд төслөөс үл хамааран хийх боломжтой зүйл нь хувийн хэвшлүүдийг дэмжих" гэв.