ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: LRT буюу хөнгөн галт тэрэг барих төслөө эрчимжүүлье

O.Admin
2024-03-28

LRT буюу хөнгөн галт тэрэг нь Улаанбаатар хотын  түгжрэл бууруулах гол шийдэл мөн гэдгийг мэргэжлийн хүмүүс санал болгож байгаа билээ. LRT буюу хөнгөн галт тэрэг барих 2.8 тэрбум ам.долларын санхүүжилтийг гаргаж, барьцгаая, монголчууд аа.

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хэрээс хэтрээд удаж байгаа билээ. Ер нь даацаа дийлэхээ больсон гэсэн үг.  Төрийн зүгээс төрөл бүрийн арга хэрэгслийг авч хэрэгжүүлж байгаа ч зах зээлээ дагаад Улаанбаатарын төвлөрөл төдийлөн буурахгүй байна. Түүнийгээ дагаад түгжрэл ч улам нэмэгдсээр байгааг хэлүүлэлтгүй мэдэх биз. Гудамж талбай өргөтгөж, гүүрэн гарц бариад ч шийдэлд хүрэхгүй байна. Автобус унаагаа шинэчлээд, авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан ч та бидний хүссэн үр дүн гарахгүй бас харагдахгүй байгаа.

Иймд төвлөрөл, түгжрэл хоёрыг бууруулах шийдлийн хүрээнд шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын асуудал төрийн бүхий л шатанд яригдаж, хэлэлцэгдэж буй. Тээврийн хэрэгслийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай болохгүй гэдгийг жил ирэх бүр бид мэдэрсээр, харсаар.

Энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр орсон цаснаар Улаанбаатар-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км  авто замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан билээ.

Энэхүү  ослын улмаас 10 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Энэ л бидний бодит байгаа дүр төрх.  Ганц цас, нэг өдрийн борооноор ажил амьдрал замд өрнөж, элдэв осол гэмтэл олноороо гарсаар 30 гаруй жилийн нүүрийг үзэв бид. Иймд зам талбай нийтийн тээврийн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн шиг хийе гэж уриалмаар байна.

Өөрөөр хэлбэл, “Хөшгийн хөндий” рүү аюулгүй зорчихын тулд авто замаас өөр сонголт хэрэгтэй болчихоод байна, эрх баригчид аа. Тухайлбал, түгжрэл төвлөрөл бууруулахад хамгийн тохиромжтой шийдэл буюу "UG Arena"-аас Хөшигийн хөндий хүртэл 37.7 км LRT буюу хөнгөн галт тэрэг барихаар төлөвлөсөн ажлаа яаралтай эрчимжүүлж, хөрөнгө мөнгөө гаргацгаая. Шаардлагатай бол бүтээн байгуулалтад хувийн хэвшлээ ч татан оруулж болно шүү дээ. Мөн метро барих ажлыг ч улдан чангааж, хойш татахгүйгээр урагшлуулах талаас нь улстөржилтгүйгээр, нам гэж талцахгүйгээр явуулж өгөөч. 

Ингэснээр эдийн засагт томоохон өөрчлөлт гараад  зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл ч буурах нь судалгаагаар батлагдсан. Хувийн машинаар авто зам дээрээ амьдарч байснаас богино хугацаанд хурдан ажлаа амжуулаад тохитой, аюулгүй орчинд зорчих нь энэ цаг үед илүү их хэрэгтэй байна шү дээ.  Түүгээр ч  зогсохгүй авто замын хөдөлгөөн болон элдэв осол гэмтэл ч дагаад буурна. Метро барих, хөнгөн галт тэрэг ашиглаж эхлэхээс өөр шийдэл бидэнд одоохондоо үлдсэнгүй. Тиймээс хэн нэгэн нь зориг гаргаад ажил хэрэг болгохгүй бол болохгүй нь ээ.  

Метро баригдаж гэмээнэ түгжрэлийг 25 хувиар бууруулна гэсэн тооцоо ч гарсан юм билээ. 18.1 км үргэлжлэх  маршрут нь “Буянт-Ухаа-2”-оос эхлээд Яармаг, Мишээл экспо, Ажилчдын ордон, Гэгээнтэн, И-март, Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, 13 дугаар хороолол, Зүүн дөрвөн замаар дайрч Сансарын тойрог хүрэх хамгийн эрчим өндөртэй газруудыг дайрахаар төлөвлөсөн байна.