ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

O.Admin
2024-01-13

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Тус Байнгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажилласныг дурдахын зэрэгцээ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эрхлэх асуудлын дагуу Төсвийн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулсан гэдгийг тодотгож байлаа.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу явуулсныг онцлоод Ажлын хэсэг Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго” зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг нэмж тусган, органик үйлдвэрлэлд баримтлах зарчим, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, баталгаажуулалтын байгууллагын үүрэг, органик бүтээгдэхүүнийг бүртгэх, органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох зэрэг зарчмын болон найруулгын нийт 28 саналыг бэлтгэн хэлэлцүүлсэн гэв.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго”-ыг тодорхойлсон хуулийн нэр томьёог тусгасан 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Түүчлэн төсөлд “Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага” гэсэн 6 дугаар зүйл, “Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг” гэсэн 15 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн төслийн 7 дугаар зүйл буюу “Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг” гэсэн хэсэгт “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 6.6-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх”, “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах”, “ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөх” гэсэн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.10 дахь заалт, “Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан энэ хуулийн заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно”, “Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн.

Цаашлаад төслийн 8 дугаар зүйлд “органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах” гэсэн агуулгатай 8.1.8 дахь заалт, 9 дүгээр зүйлд “Баталгаажуулалтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон давхцалгүй бүртгэлийн дугаартай байна.” гэсэн агуулгатай 9.5 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “энэ хуулийн 15.3-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт зэргийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох”, “энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах” гэсэн агуулгатай 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 13 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.” гэсэн агуулгатай 13.7 дахь хэсэг, 14 дүгээр зүйлд “Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь ижил байх ба савласан огноог шошгонд ил харагдахуйц тусгана.” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжээгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй.

Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.