ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярыг НҮБ-ын Байнгын төлөөлөгчөөр томилохыг дэмжлээ

O.Admin
2024-01-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Энэ удаагийн томилгооны хүрээнд

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус томилох санал орж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд энэ удаагийн томилгоогоор дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, зохих хууль тогтоомжийн шалгуурыг хангасан бэлтгэгдсэн албан хаагчид орж ирснийг онцолсоны зэрэгцээ гадаад харилцааг эдийн засагжуулах, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэлний мэдлэг олгох тал дээр анхаарах, хувиараа сургалтын төлбөрөө төлж буй оюутнуудад хандсан шинэ бүтээгдэхүүн, тэтгэлгийг бий болгох зэрэгт төвлөрч ажиллахыг захилаа. Гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараагаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус томилох эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжив.

Мөн нэр бүхий Элчин сайдууд болон НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татахыг дийлэнх нь дэмжлээ.